Өнөөдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хар тамхины хэргээр ял эдэлж буй Ц.Улаанхүү начны хэргийг хэлэлцэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Учир нь мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд хохирлын хэмжээг нарийвчлан тогтоогоогүй, мөн гэрчээс зарим зүйлийг тодруулах шаардлагатай гэж үзжээ. Түүнийг Н.Болдбаатар гэгчид 43 ширхэг /капсул/ мансууруулах төрлийн бэлдмэлийг зарж борлуулах зорилгоор өгсөн хэмээн өнгөрсөн наймдугаар сард Баянзүрх дүүргийн шүүхээс 11 жилийн ял оноосон юм. Гэвч тэрээр “Би хэрэг хийгээгүй” хэмээн Нийслэлийн шүүхэд өргөдөл гаргаад байсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан юм. Тиймээс Ц.Улаанхүү начин Улсын дээд шүүхэд хандсан билээ. Хурлын дараа түүний өмгөөлөгч Л.Данзанноровоос цөөн асуултад хариулт авав.
-Ямар шалтгаанаар мөрдөн байцаалтад буцаав?
-Дээд шүүхээр хэргийг хянан хэлэлцээд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо. Учир нь зарим нэг асуудлыг тодруулах, их хэмжээгээр авсан, хадгалсан, борлуулсан гэдгийг нотлох гээд тодорхой заалтуудаар буцаасан.
-Мөрдөн байцаалтад буцсан болохоор батлан даалтад гарах боломжтой юу?
-Нэмэлт мөрдөн байцаалтад буцаана гэдэг нь хэргийг хэрэгсэхгүй болно гэсэн үг биш. Гэхдээ энэ хугацаанд батлан даалтад гарах асуудал ярих боломж нээгдэж байгаа юм. Яг гаргана гэж хэлэхгүй. Таслан сэргийлэх арга хэмжээний асуудал ч яригдаж болно. Гэхдээ бидний мэдэх асуудал биш. Шүүх, прокурорын байгууллага шийднэ.
-Ц.Улаанхүү начин хаана хоригдож байгаа вэ?
-Багануурын хориход хоригдож байна.
-Гэрч гээд байгаа Н.Болдбаатартай нь уулзсан уу?
-Тэр хүн янз бүрийн мэдүүлэг өгсөн байдаг юм билээ. Гэхдээ би түүнтэй уулзах шаардлага байхгүй.
-Тэр хүн шүүх хуралд нэг ч удаа орж байгаагүй?
-Тэр хүнийг оролцуулах эсэхийг шүүх шийднэ. Оролцуулалгүйгээр шүүх хурлыг явуулах боломж, бололцоо хуулиар нээлттэй учраас заавал шүүх хуралд орох албагүй.
Ц.Улаанхүү начны хүргэнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа?
-Тэглээ. Бид нар маш их баярлаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт бид маш гомдолтой байсан. Харин дээд шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасанд баяртай байгаа. Дахин шалгаад ирэхээр хэргийн үнэн мөн олдох байх. Аавыг маань ямар ч нотлох баримтгүйгээр ялласан. Н.Болдбаатарт өгсөн, зарсан гэдгийг үзсэн харсан хүн байхгүй. Тэр хүн гүтгэсэн ч байж болно шүү дээ. Тиймээс дахин шалгаад аавын маань буруугүйг нотлох байх.
-Гэвч гэрээс тань хар тамхи хураасан гээд байгаа?
-Сонин хэвлэлээр л гэрээс нь хар тамхи илэрлээ, хураалаа гэж бичээд байгаа. Тэр нь ээжийн маань өвчин намдаах эм байсан. Ээж үе мөчний өвчтэй.
-Гэрч Н.Болдбаатартай уулзсан уу?
Түүнтэй уулзах шаардлага байхгүй. Хууль хяналтын байгууллага тэр хүнийг шалгах байх.
-Начны биеийн байдал ямархуу байна?
-Бид саяхан очоод ирсэн. Бие нь тааруухан байна лээ. Нэлээн хавагнасан байдалтай. Өөрөө угийн бие муутай, даралт өндөртэй хүн. Тэгээд чанга дэглэмтэй хориход байгаа болохоор ямар л олиг байхав. Ээж нь гэж одоо 90 хүрч байгаа настай хүн байгаа. Эмээгийн маань бие хүртэл маш тааруу байна.
Б.Чимэг