Харин ерөнхий сайд С.Батболд “Энэ асуудлыг Засгийн газар онцгойлон анхаарч, шийдэхийг хичээж байгаа. Дээрх гэрээнд хугацаа заагаагүй. Олон үндэслэлээс хамаарч асуудлаас шийдэхэд амаргүй байна. Бодит судалгаатай, үндэслэлтэй байж инфляцийг хөөрөгдөхгүй байх тэр нөхцөл байдал, цаг хугацааг хүлээх хэрэгтэй байна” гэв. Мөн цалин нэмэх асуудлыг Ажил олгогч эздийн холбоотой зөвшилцөхгүйгээр шууд шийдчихэж болохгүй. Цаана нь жижиг дунд бизнес эрхлэгчид гээд хэдэн мянган хүний эрх ашиг байгаа гэдгийг хэлсэн. Тиймээс УИХ-ын зарим гишүүд багш нарын тавьсан зарим шаардлагыг Боловсролын тухай хуулинд оруулах хуулийн төсөл бэлдсэн байна. Энэ төслийг уг уулзалт эхлэхээс өмнөхөн УИХ-ын гишүүн Д.Арвин ерөнхий сайдад өргөн барьсан. Засгийн газар үүнийг энэ долоо хоногт багтаан хэлэлцэж УИХ-ын чуулганд оруулахаар болжээ.
Энэ нүүр нүүрээ харсан уулзалтын төгсгөлд ерөнхий сайд С.Батболд “Засгийн газар та бүхнийг сонслоо. Ярилцъя, хамтраад зөв шийдэлд хүрье гэлээ. Тиймээс ажил хаялтаа зогсоож сурагчид, нийгмийн эрх ашгийн төлөө ажиллахыг ерөнхий сайдын хувьд хүсч байна” гэв. Мөн Ажил хаялт зохион байгуулах түр хорооны дарга Ч.Алтанцэцэг “Амьдралаа сайжруулахын төлөө зүрх гаргаад ажил хаялтанд оролцсон хүмүүсийг хохироохгүй байхыг хүсье” гэлээ. Ингэж хэлсний учир нь хуулийн дагуу ажил хаялтыг салбарын үйлдвэрчний эвлэл биш, Үйлдвэрчний нэгдсэн эвлэл зохион байгуулах ёстой байдаг. Гэтэл энэ ажил хаялтыг салбарын үйлдвэрчний эвлэл зохион байгуулсан. Тиймээс ажил хаясан багш нар тодорхой хэмжээний хариуцлага хүлээх болж байгаа юм. Асуудал цэгцэрсний дараа тэдний цалингаас тодорхой хувийг хасах магадлалтай байна.
Уулзалтын үр дүнд Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо хамтран гэрээ байгуулж ажиллахаар боллоо. Хуулийн дагуу бол тавьсан шаардлагыг хэлэлцэж эхэлсэн л бол багш нар ажил хаялтаа зогсоох ёстой аж. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга Ч.Батсүх “Яг маргааш багш нар ажилдаа орохгүй. Энэ асуудлыг би дангаараа шийдээд хэлчихэж болохгүй шүү дээ. Маргааш хэлэлцээд хэвлэлийн бага хурал зарлаж ажил хаялтаа зогсоох эсэх шийдвэрээ хэлнэ” гэсэн юм. Тэгэхээр өнөөдөр сурагчид хэзээ хичээлдээ явах нь тодорхой болох нь.
Б.Баяр