Сүүлийн үед хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар хэрэглэх, борлуулах, тээвэрлэх хэрэг газар авчээ. Иймд Улсын Ерөнхий прокурорын газрын санаачилгаар хууль сахиулах байгууллагууд хамтран уг гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлж, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлсэн байна. Одоогоор зөвхөн Хятад улсад хар тамхины хэргээр баригдсан монгол иргэдийн тоо 34 хүрээд байгаа аж. Тэд худалдагдан эзнийхээ даалгавраар хар тамхи Хятадын хилээр нэвтрүүлэхдээ, эсвэл өөрсдөө амар хялбараар мөнгө олох сонирхолдоо хөтлөгдөн тийм зүйл авч яваад баригддаг гэнэ. Хятадын хуулийн дагуу 50 мг хэмжээнээс илүү хар тамхи илэрсэн тохиолдолд шууд цаазын ял оноодог аж. Учир нь зөвхөн ганц хүний нэг удаад оруулж ирдэг хар тамхины хэмжээ багаар бодоход нь 40-50 гэр бүлийн амьдралыг бусниулах хор хөнөөлийг нийгэмд учруулдаг гэж хятадууд үздэг юм байна. Хоригдож буй Монгол иргэдийн мэдүүлгийг харахад “Нас хүйс харгалзахгүйгээр гадаадад өндөр цалинтай ажилд зуучилна” гэсэн зарын дагуу хандаж, хар тамхины наймаачдын нууц сүлжээний эздэд худалдагдан хэргийн золиос болдог аж. Иймд иргэд сонор сэрэмжтэй байж, өндөр цалинтай ажлын зар, хялбараар мөнгө олох боломжийн тухай аливаа саналд хууртаж болохгүй гэдгийг сануулж байна.
Б.Чимэг