Оросын “Газпром” банк Сергей Паушокоос 25 сая доллар нэхэмжлэн шүүхэд
хандсаныг Москва хотын дүүргийн шүүх өчигдөр хүлээн авч хэлэлцээд
нэхэмжлэл нь хууль зүйн бүрэн үндэстэй болохыг тогтоосон шийдвэр
гаргалаа. Сергей Паушок “Алтан Дорнод Монгол” компанийн эзэн байхдаа уг
компанийн нэрээр 2008 оны хоёрдугаар сард “Газпром” банкнаас 16.5 сая
долларын зээл авчээ.

Оросын “Газпром” банк Сергей Паушокоос 25 сая доллар нэхэмжлэн шүүхэд хандсаныг Москва хотын дүүргийн шүүх өчигдөр хүлээн авч хэлэлцээд нэхэмжлэл нь хууль зүйн бүрэн үндэстэй болохыг тогтоосон шийдвэр гаргалаа. Сергей Паушок “Алтан Дорнод Монгол” компанийн эзэн байхдаа уг компанийн нэрээр 2008 оны хоёрдугаар сард “Газпром” банкнаас 16.5 сая долларын зээл авчээ. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа дуусаад удсан тул “Газпром” банк 2011 оны есдүгээр сард Сергей Паушок болон тэр үед үйл ажиллагаа нь зогссон боловч түүний мэдэлд хэвээр байсан “Алтан Дорнод Монгол” компаниас мөнгөө нэхэмжилсэн хоёр нэхэмжлэл шүүхэд гаргасан юм. 16.5 сая долларын зээлийн хүү 8.5 сая болсон нь уг банкыг нийт 25 сая доллар нэхэмжлэхэд хүргэжээ. Эхний нэхэмжлэлд нь уг мөнгийг С.Паушокийн хувийн хөрөнгөнөөс гаргуулж өгөхийг хүссэн бөгөөд Москва хотын дүүргийн шүүх шийдвэрээ “Газпром” банкны талд гаргасан байна.
С.Паушок өнгөрсөн есдүгээр сард “Алтан Дорнод Монгол” компаниа Монголын “Голдстрим инк” компанид худалдсан билээ. Компанийн шинэ эзэн Т.Ганболд гаднын банкнаас авсан 300 сая долларын зээлийнхээ нэлээд хэсгийг С.Паушокоос компани худалдаж авсан төлбөртөө шилжүүлсэн хэмээн мэдэгдэж байсан юм. Харин манай хэвлэлүүд уг наймааны төлбөр нь бүхэлдээ 300 сая доллар болсон хэмээн бичиж байв.
Монголоос нэгмөсөн гарч явсан С.Паушокийн бизнес ОХУ-д ч үргэлжилсээр байгаа юм. Түүний 2006 онд байгуулсан “Алтан Дорнод Сибирь” (Золотой Восток – Сибирь) компани алт, цементийн түүхий эдийн олборлолт, модны үйлдвэрийн чиглэлээр эрчимтэй үйл ажиллагаа явуулж буй. Нутагтаа ч түүний бизнес хэл амнаас салахгүй яваа бөгөөд өнгөрсөн онд болон энэ жил гэхэд л, “Алтан Дорнод Сибирь” компани ажилчдынхаа цалинг цагт нь олгоогүй, ашигт малтмал ашигласны төлбөрөө дутуу төлсөн, байгаль хамгаалах хууль зөрчсөн гэх мэт үндэслэлээр захиргааны арга хэмжээ авахуулсан, торгууль хүлээсэн, лицензүүдээ хураалгасан тухай мэдээ тасраагүй юм.
Б.Болдсүх