Өнөөдөр ОБЕГ-ын дарга асан П.Даш, тус газрын Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарын гэм буруутай эсэхийг Нийслэлийн шүүхэд хэлэлцлээ. Өнгөрсөн есдүгээр сарын 29-нд тэднийг Хан-Уул дүүргийн шүүхээс төрийн өмчийг хувьдаа завшсан хэмээн эрүүгийн хуулийн 263.2, 150.3 гэсэн зүйл ангиар буруутган, 3.6 жилийн ял оноож, Өршөөлийн тухай хуульд хамруулсан юм. Гэвч П.Даш анхан шатны шүүхийн шийдвэрийг “Хуульд нийцээгүй, би улсын хөрөнгө мөнгө хувьдаа завшаагүй. Хэрэг хийгээгүй байхад ял оноосон. Өршөөлийн хуульд хамруулсан хэргээ заавал цагаатгуулна. Нэр төрөө сэргээлгэнэ” гэж үзэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан билээ. Харин Нийслэлийн шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна. Хуралд улсын яллагчаар О.Мөнхбаатар, илтгэгч шүүгчээр Х.Эрдэнэсувд, өмгөөлөгчөөр К.Бауржан, Б.Ганбаатар, Б.Түвшинбаяр, Д.Оросоо нар оролцсон юм.
Б.Чимэг