Өнгөрсөн баасан гаригт Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Оюу Толгой төслийн ажлын байранд монгол ажилчин амиа алдсан хэрэг гарсан билээ. Төслийн гэрээт компанийн таван ажилтан спиртын хольцтой шингэн уусны улмаас хордож, нэг нь амиа алдсан байна. Хордсон даруй түргэн дуудаж, яаралтай тусламж үзүүлэх гэсэн боловч аль хэдийнэ амьсгал хураасан байсан аж. Хяналтанд эмчлүүлж байсан хоёр ажилтны биеийн байдал хүндэвтэр байсан тул тус өдрийн орой Улаанбаатар хотод авчирч, яаралтай эмчилгээнд оруулсан байна. Харин нөгөө хоёр ажилтны биеийн байдал хөнгөвтөр байгаа учраас төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй SOS эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тус компанийн өгсөн мэдээллээр ажилчид ажил тарсны дараа спиртын хольцтой шингэн уусан нь тогтоогдсон гэнэ. Мөн талийгаачийн биед хүч хэрэглэсэн буюу гэмт хэргийн шинж тэмдэг бүртгэгдээгүй гэсэн мэдээллийг өгчээ. Түүнчлэн эмнэлгийн анхны дүгнэлтээр спиртэд хордож нас барсан нь тогтоогдсон аж. Харин цагдаагийн байгууллагаас тус компанийн ажилчид чухам ямар найрлага бүхий шингэн уусныг тогтоох, гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоохоор ажиллаж байна.
Б.Чимэг