Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс “Гамшгийн эрсдэлийг үнэлэх, эрсдэлийг бууруулах арга, технологийн судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Хурлаар нийслэлд тохиолдож болзошгүй үер, газар хөдлөлт, гоц халдварт өвчин, цацраг, хими, гал түймрийн эрсдэлийн судалгааг хийсэн байна. Уг ажлын хүрээнд зургаан төрлийн гамшгийн эрсдэлийг үнэлж, холбогдох дүгнэлт, зөвлөмжийг гаргасан аж. Зөвлөмжөө Шинжлэх ухаан технологийн сан, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгөхөөр болжээ. Хуралд Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн дарга нар, гамшгаас хамгаалах улсын байцаагч, эрдэм шинжилгээний ажилтнууд, судлаачид зэрэг 70 гаруй оролцогч хамрагдсан байна.
Б.Чимэг