Өнөөдөр 10.00 цагаас Сүхбаатар дүүргийн шүүхэд хууран мэхлэх замаар бусдыг хил дамнуулан худалдсан Д.Сэлэнгийг шүүнэ. Түүнийг энэ сарын 8-нд шүүх байсан ч улсын яллагч ирээгүй гэх шалтгаанаар хойшилсон юм. Тэрээр хурлын дараа “Би энэ хэргийг хийгээгүй. Гэхдээ эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Хохирогч гээд байгаа Д.Гантуяа уг нь миний найз. Замын-Үүдээс баригдаад ирсэн байгаа юм. Тэгэхдээ л намайг өөрийг нь худалдсан хэмээн гүтгэчихсэн юм шиг байна лээ” гэсэн тайлбар өгч байсан билээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2-т зааснаар буюу биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр үйлчилсэн гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм. Шүүх хуралд даргалагч шүүгчээр Ш.Төгсгэрэл, улсын яллагчаар С.Хишигжаргал, өмгөөлөгчөөр М.Алтанцэцэг нар оролцох аж.
Б.Чимэг