Ираны төв телевизээр Амир Мирзай Хекмати гэгч АНУ-д цагаачлан амьдарч байхдаа тус улсын Засгийн газраас тагнуул хийх даалгавар авч байсан тухайгаа ярьжээ. Тэрбээр 2001 онд АНУ-ын армид орсон бөгөөд түүнд америкчууд Иран руу буцаж очин тагнуулын албанаас мэдээлэл цуглуулахыг даалгаж байсан гэнэ. Өнгөрсөн бямба гарагт түүнийг зурагтаар гарсны дараа АНУ-ын албаныхан түүний яриаг үгүйсгэж, зүгээр л нэг суртал ухуулга гэж мэдэгдсэн байна. Амир Хекматигийн ярьж байгаагаар тэрбээр Иранд ирэхээсээ өмнө Афганистаны Баграмын агаарын баазад ажиллаж байгаа иранчуудын талаар мэдээлэл цуглуулж байсан гэв. Ираны Засгийн газар АНУ-ыг бидний дотоод хэрэгт хэт их оролцож байна гэж дахин дахин буруутгасаар байгаа билээ. Тэдний дотоод сүлжээтэй холбоотой 30 гаруй нууц ажиллагаа зохион байгуулсныг баримтаар нотолж чадна гэж мэдэгдэж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт гэхэд АНУ болон Израйлын талд ажилласан гэж 15 хүнийг ялласан байна.
