
Цагдаа болон дотоодын цэрэг бэлэн байдал гэдгийгээ "Ажлын байран дээрээ байнга бэлэн байх" гэж тодотгосон байна. Харин жирийн хүмүүс янз бүрээр хүлээж авч байна. Залуус нь инээд наргиа болгож байхад дунд, ахмад үеийнх нь нилээд түгшсэн байдалтай "Цаашид юу болох бол, урдынхаасаа бүр дордохыг үгүйсгэх аргагүй" гэж байна. "Хуучин коммунист генералууд төрийн эргэлт хийж, хуучин удирдагчийн бодлогоо хатуу тууштай үргэлжлүүлнэ гэх магадлал бий" гэж ахмад үеийнхэн түгшиж байна. Харин зарим нь болохоор "Одоо огт өөр болно. Тэндэхийн дарангуйлал төгсгөл боллоо" гэж байгаа аж. Өмнөдийн Эв нэгдлийн яам, Гадаад хэргийн яамны холбогдох албан тушаалтнууд Ким Чен Ирийн үхлийн талаар юу ч сонсоогүй, бараг жирийн иргэдээс хожуу сонссон нь тодорхой болсон бөгөөд энэ нь иргэдийн зүгээс ихээхэн шүүмжлэлд өртөж байгаа нь Интернэтээр цацагдаж байна. Эдгээр албан тушаалтнууд "Өдрийн цайндаа явж байх замдаа дуулаад яаман дээрээ буцаж ирлээ. Энэ тухай сонсоод цочирдлоо. Цаашид яах талаар Үндэсний аюулгүй байддын зөвлөлийн хурлын шийдвэрийг хүлээж байна" гэсэн байна.