Өнгөрсөн баасан гаригт Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Оюу Толгой төслийн ажлын байранд дахин нэг монгол ажилчин амиа алдсан талаар манай сайт мэдээлсэн билээ. Хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн дэслэгч Б.Саруултуяагаас тодрууллаа.
-Оюутолгой ХХК-д гарсан хэргийн талаар тодруулахгүй юу?
-Энэ сарын 16-17-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Оюутолгой ХХК-д нэг монгол ажилтан амиа алдлаа гэх мэдээлэл ирсэн. Уг мэдээллийн дагуу шалгахад, тус ажилтан архи уугаад нас барсан болох нь тогтоогдсон.
-Тус ажилчид ямар албан тушаалтай хүмүүс байсан бэ. Хэдэн хүн уусан юм бол?
-Эхлээд гурвуулаа ууж байгаад, сүүлд хоёр хүн нэмэгдсэн юм билээ. Эхний гурав нь гурвуулаа жолооч. Тэгээд хийн баллонд шахдаг шингэн зүйлийг устай холиод уучихсан байгаа юм. Уусан даруйдаа нэг нь унтаад өгчихсөн. Бусад нь нөгөөдөхөө унтаж байна гэж бодоод тоогоогүй юм билээ. Гэтэл унтаж байсан нь аль хэдийн нас барчихсан байсан гэсэн. Харин нэг нь машинтайгаа явж байгаад зогсож байсан машины араас мөргөж осол гаргасан байгаа юм. Нөгөөдөх нь мөн адил осол гаргаж, тэднийг мансуурлын байдалтай байгааг мэдсэн юм билээ. Тэр даруй тэднийг ажлын байранд архидан согтуурсан хэмээн Ханбогдод хүргэсэн. Гэтэл бие нь муудаж, улмаар Улаанбаатар хотод Хордлогын төвд хүргэн, одоо эмчлэгдэж байгаа. Тэдний уусан хийн баллонд шахдаг шингэнийг шинжлүүлэхээр өгсөн.
Б.Чимэг