
Жил бүр өмнөх онд аймгийн хэмжээнд гарсан гэмт хэрэг болон аймгийн прокурорын газрын хийсэн ажлын талаар иргэдэд мэдээлэл хүргэдэг арга барилаа өөрчилж “Ёс заншил ба гэмт хэрэг” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг явуулж нийт 1100 хүнийг хамруулжээ.
Тус аймгийн хэмжээнд 2013 онд гарсан эрүүгийн хэргийн нөхцөл байдал 2012 онтой харьцуулахад харьцангуй хөнгөн, гэмт хэрэг бүхэлдээ буурсан байна.
Гэхдээ гэр бүлээ дээдлэх, эцэг эх, ахан дүүс болон айл хөршөө хүндэлдэг ардын уламжлалт ёс заншил алдагдсантай холбоотойгоор хүний амь нас хохироох, амиа хорлох, бусдын эрх чөлөө эрүүл мэндэд гэмтэл учруулах зэрэг хэргүүд олноор гарсан байна.
Тиймээс эдгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэт ерөнхий явуулахаас татгалзаж жил бүр тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалж түүндээ тохирсон арга хэмжээ авч ажиллах, энэхүү хэлэлцүүлгээр дамжуулан иргэдийн эрүүл мэндэд гэмтэл учруулдаг хөнгөн гэмт хэрэг яагаад буурахгүй байгаа, бид яах ёстой вэ гэсэн асуудлаар иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, санал сэтгэгдлээ солилцох, чөлөөтэй ярилцах байдлаар хэлэлцүүлгийг явуулжээ.
2011 онд аваарын хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ард иргэдийн дунд яриа хийсэн ба 2012 онд энэ төрлийн хэрэг буурсан бол 2012 онд хүчингийн хэрэг тус аймагт их гарсан талаар дэлгэрэнгүй яриа хийж 2013 онд хүчингийн хэргийн тохиолдол нэг гарсан байна. Ийм байдлаар прокурорын байгууллагаас иргэдийн сэтгэлд хүрсэн яриа таниулга хийх нь үр дүнтэй болдог байна.
Тиймээс 2013 онд голлон гарч байгаа иргэдийн эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн нэг болох Эрүүгийн хуулийн 99, 98-р зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан хэрэг болон төрийн албан хаагчдын үйлдсэн хэрэг ихэссэнтэй холбоотойгоор уг хэргүүдийн гарч байгаа шалтгаан нөхцөл, нөлөөлж байгаа хүчин зүйлсийн талаар ард иргэдийг тодорхой ойлголттой болгохын тулд хэлэлцүүлэг зохион байгуулж 2014 онд энэ төрлийн хэргийн гаралтыг бууруулах талаар хэлэлцжээ.
Өнгөрсөн оны хувьд эрүүгийн нөхцөл байдал буурсан үзүүлэлттэй гарсан нь жил бүр өвөрмөц аргаар зохион байгуулж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүн гэж дүгнэхээр байна. Тус аймагт өнгөрсөн онд нийт гэмт хэрэг 25,3 хувь хүнд, онц хүнд хэрэг 53,3 хувиар буурсан үзүүлэлтэй гарсан байна.
Хэлэлцүүлгийг олон нийт нааштайгаар хүлээн авсан ба сэтгэгдлээ хэлэлцүүлгийн үеэр болон утсаар мэдэгдсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)