
БГД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн онд иргэн М-ийг үл таних охин гэртээ хүргэж өгч туслаач гэж гуйсны дагуу хамт явж байхад нь 3 залуу араас ирж “...миний найз охиныг дагуулж юу хийж яваа юм.” гэх зэргээр айлган сүрдүүлж зодон гар утас , эд зүйлсийг дээрэмдэн авсан гэмт хэрэг гарсан талаар тухайн үед мэдээллэж байсан. Тэгвэл хэргийн эзэн холбогдогчийг тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тодруулбал, гэмт хэргийг илрүүлэх ажлыг хэсгийг дүүргийн цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар байгуулж ажилласнаар 17-21 насны 3 залуу, нэг охин хамтарч хувийн автомашиныг жолоочтой нь хөлсөлж шөнийн цагаар ганц нэгээрээ явж байгаа эрэгтэй хүнийг онцлон ажиглаж байгаад 17 настай эмэгтэй Т гэгчийг түүн рүү /хохирогч руу/ явуулж “...ганцаараа явахаас айж байна гэрт дөхүүлж өгөөч” гэж гуйлган зөвшөөрүүлж, харанхуй гудамж талбайд аваачиж араас нь очиж дээрэмддэг байсан болохыг тогтоожээ.
Тэгвэл мөрдөн байцаалтын явцын талаар холбогдох албаны хүнээс тодруулахад "Мөрдөн байцаалтаар гэмт этгээдүүд 30 гаруй иргэдийг дээрэмдсэн болохыг тогтоосон. Энэ хэрэгт хувийн автомашинаа хөлсөлж байсан гэх гурван жолоочийг ч хамтатган оролцогчоор шалгаж байгаа" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/