“Отгонтэнгэр” их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулиас Улаанбаатар хотын их, дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохиогддог “Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн-100 жил” сэдэвт Олон улсын Эрдэм шинжилгээний хурал боллоо. Хуралд 15 их, дээд сургуулийн 45 багш, оюутан илтгэлээ ирүүлснээс 20 гаруй багш, оюутны илтгэлийг шалгаруулан хэлэлцүүлсэн байна. Багш нараас тэргүүн байрыг Отгонтэнгэр их сургуулийн багш Д.Оюунбат “Оюун санааны тусгаар тогтнол буюу Ж.Цэвээний таван гавъяа” сэдэвт илтгэлээр, хоёр, гуравдугаар байрт Улаанбаатар их сургуулийн багш Т.Эрдэнэхишиг “Хувьсгалын жилүүдэд Дундад иргэн улсруу дүрвэн гарсан нэгэн ноён” сэдэвт илтгэрээ, ШУА-ийн Хэл соёлын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Ням-Очир “Богд хаан эх дагина хоёрыг хаан ширээнд залсан өргөмжлөлд хийсэн шинжилгээ” сэдэвт илтгэлээр шалгарсан байна.
Харин оюутнуудын илтгэлийн тэргүүн байрыг ОТИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Э.Энхболд эзэлсэн бол удаах байруудыг МУБИС-ийн оюутан А.Чойдорж, ОТИС-ийн оюутан З.Цэнд-Аюуш нар тус тус эзэлжээ.
Хурлын зорилго нь судлаач багш, оюутны дунд Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний талаарх тулгамдсан ээдрээтэй асуудлыг 21-р зуунд эрдэмтэн судлаачид баримт түшиглэн хэрхэн дүгнэж байгаа тухай санал солилцох, залуу үед эх оронч үзэл төлөвшүүлэхэд оршиж байгаа аж.
Б.Чимэг