УИХ-ын сонгуулийн тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулж С.Баярын амласнаар “төгөлдөршил” болгов. Гэвч шинэ сонгуулийн хууль УИХ-ын гишүүдийг хоёр хэсэгт хуваачихаад байна. Зарим нь гар хөлийн үзүүр болсон хүмүүсээрээ Үндсэн хуулийн цэцэд хандуулж УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хүчингүй болгохоор ажиллаж эхэлжээ. Харин нөгөө хэсэг нь УИХ-ын сонгуулийн хуулиа өөрсдийн эрх ашигт нийцүүлэхийн тулд яаран сандран Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар тохирчээ. Өчигдөр МАН, АН-ын бүлэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн зарчмын хувьд дэмжив. Хоёр намын бүлгээр уг асуудлыг хэлэлцэхдээ мөн л гишүүд нь хоёр хэсэгт хуваагдчихаад олонхийн саналаар өөрчлөхөөр болжээ. Гэвч үлдэж байгаа арав хоногийн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг амжихгүй гэж үзэх хүмүүс байгаа ч хоёр намын бүлэг тохирсон л бол зорьсондоо хүрэх нь тодорхой. Хамгийн сонирхолтой нь Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг санаачилсан гишүүний нэрийг хоёр намынхан нууцалж байна. “Уг асуудлыг хэн анх санаачилсан бэ?” гэдэг асуултанд “хоёр намын бүлгийн гишүүд” хэмээн хариулах болжээ. Ийнхүү санаачлагч нь тодорхойгүй, олонхиороо гэсэн шалтгаанаар Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах нь тодорхой боллоо.