Ким Чен Ирийн нар барсан нь Монголд суугаа хойд солонгосчуудад хүнд тусчээ. Энэ талаар сурвалжлахаар III хорооллын эцэст байрлах “Ачит эх” эмнэлгийг зорилоо. Уг эмнэлэгт Хойд Солонгосын таван эмч ажилладаг аж. Биднийг өглөө 10.40 цагт очиход тус эмнэлгийн эмч нар эзгүй байв. Жижүүрээс зарим зүйлийг тодруулахад “Удирдагч нь нас барсан гээд Элчин сайдын яам руугаа явсан. Өчигдөр мэдсэн даруйдаа л гараад явсан. Одоо болтол ирээгүй. Их л хүнд туссан юм шиг байна лээ” гэсэн хариулт өгөв. Харин 11.00 цагт эмч нар ирсэн юм. Тэднээс зарим нэг зүйлийг тодруулах гэсэн боловч шууд татгалзсан хариу өглөө. Царайнаас нь харахад л эхийгээ алдсан хүүхэд шиг баргар царайтай байв. Мөн “Энэ мэдээлэл цацагдсанаас хойш маш олон сэтгүүлч ирсэн. Гэхдээ бид ямар ч мэдээлэл өгөхгүй. Бидэнд маш хүнд байна. Өдөр бүр Элчин сайдын яаман дээрээ цугларан эмгэнэж байгаа” гэснээс өөр зүйл хэлсэнгүй.
Б.Золбоо