Америкийн нөлөө бүхий хэвлэлүүдийн нэг “Лос Анжелэс Таймс” сонин өчигдрийн дугаартаа, АНУ-д амьдардаг Монголын иргэн Өлзийтогтохын Бадралын үгийг эш татжээ. 23 настай Ө.Бадрал нь Өмнөд Каролина мужийн Лонг Бийч хотын Христийн сүмд явдаг бөгөөд сүмд өдөр бүр очих бүртээ Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ирийг үхээсэй хэмээн залбирдаг байсан тухайгаа“Лос Анжелэс Таймс” сонины сурвалжлагчид ярьсан байна. “Хорвоо дэлхийг сайн тийш нь өөрчлөхийн төлөө ийн залбирсаныг маань Ертөнцийн эзэн одоо л нэг юм сонсов бололтой. Гэхдээ ойрын ирээдүйд Хойд Солонгост юу болох бол гэхээс миний санаа зовж байна” гэж тэрбээр ярьсан байна. Солонгос улс хойд, өмнөд гэж хоёр хуваагдаад тун олон жил өнгөрч бие биедээ итгэхээ байсан талаар тэр яриад “Ким Чен Ир үхсэн нь байдлыг дав даруй өөрчлөх эсэхийг би мэдэхгүй юм. Гэхдээ тэгээсэй гэж найдаж байна” хэмээн хэлжээ. Facebook дэхь хуудаснаас нь үзвэл, одоо АНУ-д амьдарч буй Ө.Бадрал нь Улаанбаатар дахь БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Монгол Олон Улсын Дээд Сургуулийг 2010 онд биотехнологийн мэргэжлээр суралцаж төгсчээ.