Буриадын XVI номын үзэсгэлэн яармаг өчигдөр Улаан-Үдэд өндөрлөж оны шилдэгүүдээ шалгаруулав. “Оны шилдэг ном”-оор ОХУ-ын ШУА-ийн Буриадын салбарын эрдэмтдийн бүтээсэн “Буриадын түүх” гурван боть шалгарчээ. “Шилдэг чимэглэлтэй ном”-оор “Буриадын дүрслэх урлаг”, “Буриад хэл дээрх шилдэг ном”-оор Дугарын Эрдэнийн “Шэлэгдэмэл зохеолнууд”, “Шилдэг DVD”-гээр “Тамчийн дацан: Балданлхам бурханы цаг”, “Хүүхдийн шилдэг ном”-оор “Тархайн хөвүүн Зархай” бүтээлүүд тус тус шалгарчээ. Мөн “Буриад хэл дээрх шилдэг уншигч”-аар Буриад улсын Ардын жүжигчин Чингис Гуруев, “Морин хуур” сэтгүүлийн эрхлэгч, жүжигчин Бурдармаа нар шалгарсан байна.
Үзэсгэлэн яармаг дээр олны анхаарлыг хамгийн ихээр татсан бүтээл нь Буриадын алдартай зохиолчдын нэг Нямбуугийн Шаравын “Тархайн хөвүүн Зархай” ном байв. Монгол угсаатны ардын аман зохиолын нэг тод томруун дүр Далан худалчийн үлгэрээс сэдэвлэн зохиож анх 1957 онд хэвлүүлсэн энэ бүтээл гарсан даруйдаа буриад хүүхдүүдийн хорхойсон уншдаг ном болж байжээ. 2003 онд “Ид шидийн Буриад Монгол” хүүхдийн цувралыг санаачилж “Саһан шандаган хоёр”, “Хулганын түүхэ” хэмээх хоёр үлгэрийн номыг гаргаж байсан Байгал нуурыг хамгаалах сангийн ерөнхийлөгч, бизнесмэн Дашийн Баяр, энэхүү бүтээлийг зохиогчийн 100 насны ойгоор дахин хэвлүүлэх охиных нь санаачлагыг дэмжиж “Буряад-монгол ном” хэвлэлийн газартай хамтран, анх гарсанаас нь 54 жилийн дараа ийнхүү хэвлүүлсэн байна. ОХУ-ын номын шилдэг 30 дизайнерийн тоонд багтдаг Шарайд О.Галсан уг номын зураг чимэглэлийг хийжээ. Өнгөрсөн зун Улаан-Үдийн хүүхэлдэйн “Ульгэр” театр уг зохиолоор хүүхдийн жүжиг найруулан тавьсан гэнэ.