Хоёр жилийн өмнө “Зоос” банкийг аврах гэж Засгийн газраас мөнгө гарган Төрийн банкийг байгуулсан. Анх байгуулагдахдаа л олон хууль зөрчиж, хэл ам дагуулж байсан энэ газрыг хувийн болгох гэсэн хүмүүс нэлээдгүй байгаа бололтой. Төрийн банк хувьчлагдах нь ээ гэсэн яриаг Сангийн дэд сайд, Төрийн өмчийн хорооныхон үгүйсгэхгүй байгаа болохоор авах эзэн нь аль хэдийн тодорсон гэх нь ч байна. Энэ оны төсөвт өмч хувьчлалаас 98,4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр заажээ. Түүний 60 гаруйг нь энэ банкийг хувьчилж бүрдүүлэх ёстой байсан. Чөлөөт эргэлтийн мөнгө нь 100 тэрбумд хүрч, санаснаас ашигтай ажиллаж байгаа болохоор 60 тэрбумаар авна гэдэг бараг л үнэгүй авсантай адил болох юм. Улс төрийнхнөөс гадна Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь Төрийн банкинд ихэд санаархаж байгаа гэсэн. Тэд авч чадахгүй байлаа ч саяхан зээл өгч, дэлхийн зах зээл дээр 600 тэрбум долларын бонд гаргасан “Хөгжлийн банк” нь ганцаараа төрийн гэсэн статустай үлдэх тул хувьчлагдвал харин ч тэдэнд ашигтай. Хамгийн наана гэхэд орон сууцны зургаан хувийн хүүтэй 100 мянган айлын орон сууцны зээлийг төр өөрийн эзэмшлийн банкаар дамжуулан олгоно. Ирэх онд ганц “Хөгжлийн банк” төрийн хайр хишгийг үзүүлж “баатар” банк болох биз. Тиймээс шинэ он гаргаад хямдхан, амттай зууш хүртэх гэсэн хүмүүсийн тэмцэл өрнөх нь. Учир нь сонгууль болж, парламент нь солигдвол Төрийн банкийг холбоо сүлжээгээрээ аятайхан дамлах боломжгүй болчихно. Тиймээс наагуураа чимээгүй байгаа ч хувьд гаргах гэж гадныхан ч дотныхон ч яарч байгаа бололтой.

