Германы “Jackie” сэтгүүлийн редакци дуучин Рианнагийн нэр хүндэд халдсан нийтлэл гаргасныхаа төлөө түүнээс уучлалт гуйжээ. Сэтгүүлч залуухан эзэгтэй нар яаж хувцаславал зохих талаар нийтлэл бичихдээ дуучин Рианнаг жишээ болгосон байна. Тэгэхдээ гудамжны, хагас нүцгэн, нигер Рианна шиг яасан ч хувцаслаж болохгүй гэж зөвлөжээ. Мөн уг нийтлэлдээ Рианнаг Барбадосоос гаралтай гэдэг ч үнэндээ Ямайкынх гээд доромжилсон утгатай үгс бичсэн аж. Дуучин Рианна үүнд ихэд дургүйцэж өчигдөр орой өөрийн твиттер хуудсандаа “Та нарыг англиар уншиж чадна гэдэгт найдаж байна. Яагаад гэвэл та нар хүний эрхийн талаар үнэхээр ойлголт муутай байдаг юм байна. Ямар цагаандаа гарсныг чинь би харлаа. Тэгэхээр өөрийнхөө нэрийн өмнөөс хоёр үг хэлье...F--- you!” гэсэн ширүүхэн үгтэй сэтгэгдэл бичсэн аж. Харин дэлхийн хэмжээний одыг уурлуулсандаа “Jackie” сэтгүүлийнхэн сандарч өнөөдөр уучлалт гуйсан байна.

