“Зууны мэдээ” сониноос жил бүр шалгаруулдаг ард түмний “Энэ цагийн эгэл баатар”-т дуучин С.Жавхлан нэр дэвшсэн байна. Түүнийг эх орныхоо 21 аймагт очин тулганы гал бадраах ёслол үйлдсэн, дөрвөн цагийн үнэ төлбөргүй тоглолтоо 250 гаруй мянган хүнд хүргэсэн мөн монгол хүн хэмээн “Энэ цагийн эгэл баатар 2011”-т нэр дэвшүүлсэн байна. Дуучин С.Жавхлан нь одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаяртай нилээн ойр дотно харилцаатай хүн билээ. Түүнийг 2009 онд Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд ЭБЭХ-ний сайд Д.Зоригттой өрсөлдөхөд Н.Энхбаяр дэмжиж туслаж байсан гэдэг. Харин одоо тэрбээр Н.Энхбаярын мэдлийн сониноос шалгаруулдаг “Эгэл баатар”-т нэр дэвшиж байна. Энэ оны “Эгэл баатар”-т дуучин С.Жавхлангаас гадна Хэнтий аймгийн дөрвөн мянгат малчин Г.Сампил, бариа засалч С.Загиржав, хөгжлийн бэрхшээлтэй ч уран гартай дархан С.Ганбаатар, төрийн тус байгууллагын тэргүүн Ч.Чагнаадорж гээд 13 хүн нэр дэвшсэн байна.
Т.Хулан