УИХ-ын гишүүд өнөөдрийн чуулганаар энэ сарын 29-ний өдөр нийтээр
амрах өдөр болгох, барилдсан бөхчүүдэд цол олгохыг хэлэлцэх эсэхийг
шийдэх гэж түүхийн мэдлэгээ сорьцгоов. 1911 оны 12-р сарын 29-ний өдөр
үнэхээр амралтын өдөр болгож, бөхийн цол олгохоор үнэ цэнэтэй өдөр мөн,
биш гэж ширүүхэн маргалдлаа.

УИХ-ын гишүүд өнөөдрийн чуулганаар энэ сарын 29-ний өдөр нийтээр амрах өдөр болгох, барилдсан бөхчүүдэд цол олгохыг хэлэлцэх эсэхийг шийдэх гэж түүхийн мэдлэгээ сорьцгоов. 1911 оны 12-р сарын 29-ний өдөр үнэхээр амралтын өдөр болгож, бөхийн цол олгохоор үнэ цэнэтэй өдөр мөн, биш гэж ширүүхэн маргалдлаа. Энэ төслийг санаачлагч Н.Батбаяр гишүүн 1911 оны архивын бичиг баримт чуулганы танхимд авчран уншсан нь Ц.Нямдоржийн дургүйцлийг хүргэсэн бололтой. Тэрбээр “Би ч гэсэн түүхээ мэднэ. Ингэж сүржигнэх хэрэг байна уу. Анх 1911 онд ...” гээд бараг зуун жилийн түүхийг яриад эцэст нь бөхөд цол олгох нь утагүй гэсэн дүгнэлтэд хүрэв. Харин Н.Батбаяр гишүүн микрофон булаацалдан байж “Ц.Нямдорж оо, чи сургуульд сурах хэрэгтэй юм байна. Түүхээ судлаач ээ” гэлээ. Мөн Ц.Батбаяр, Р.Раш, З.Энхболд зэрэг гишүүд “Анх Манжийн үед...” гээд түүхийн мэдлэгээ уралдуулж гарав. Ц.Батбаяр гишүүн сүүлдээ яриандаа халж “Би бас хүүхэд насандаа бөхөөр оролдож байсан, чөлөөт бөхийн зэрэгтэй тамирчин шүү” гэж өөрийгөө бяцхан рекламдлаа. Зарим гишүүд санаачилсан төслийг нь өөлж, мяалаад байхаар нь саяхнаас чуулганд тун идэвхитэй оролцож, үнэн сэтгэлээ нээх болсон Д.Загджав гишүүн уурлаж “Та нар битгий ингэж цэцэрхээд бай. Анх Манлайбаатар Дамдинсүрэнгийн цэргүүд тухайн үед Ховд хотод байсан...” гэх зэргээр түүхийн мэдлэгээ мөн л гайхуулаад авав. Тэрбээр үүнд нь мушилзаж суусан С.Бямбацогт гишүүн рүү зааж “С.Бямбацогт оо чи яагаад гэнэт ийм их юм мэддэг болчихсон юм бэ?” гэж чичээдэхэв. Үг хэлэх цаг авсан байхад нь С.Дэмбэрэл дарга сахилагагүй хэдэн “хүүхдүүд”-ээ чимээгүй болохыг анхааруулах зуур С.Баярцогт сайд “Миний минут яваад байна аа, дарга аа” гэж гоморхонгуй дуугарлаа. Мэтгэлцэгчид ашгүй чимээгүй болоход тэрбээр “2004 онд л бид 1990 оноос өмнөх түүхээ хүлээн зөвшөөрсөн” гэж арай орчин үеийн түүх ярьж, өөрийгөө мэдлэгтэй гэдгээ бас нотлох гэж хичээв. Ингэж Монголын түүхийг хэдэн талаас нь шүүж, тунгаасны эцэст 12-р сарын 29-ний өдрийг амралтын өдөр болгох, бөхөд цол олгох эсэхийг хэлэлцэхээр боллоо. УИХ-ын гишүүд цагаа тулбал бүгд л түүхийн ухааны доктор болохуйц мэдлэгтэй бололтой.
Б.Баяр