Намрын чуулган эхэлснээс хойш Авлигатай тэмцэх хуулийг хэлэлцэнэ, батална гэсээр шинэ онтой золгох нь. Бараг гурван долоо хоногийн өмнө УИХ-ын чуулганаар хэлэлцэх ёстой байсан ч АТГ-ын шинэ дарга нар хэдэн “гоё” санал нэмж оруулахаар болсон тул түүнийг нь нэгтгэж байж гишүүд хэлэлцэхээр шийдсэн. Үүнд бухимдсан Х.Тэмүүжин гишүүн бусад нөхдөө авлигачаар нь дуудаж, нүүрийг нь улайлгасан билээ. Өнөөдөр ч бас энэ хуулийг хэлэлцэх хувиартай байсан ч байнгын хороо нь хуралдаагүй гэсэн шалтгаанаар хойшлуулж орхив. Мөн үдээс хойш ирэх оны сонгуульд хэрэглэх санал тоолох машиныг танилцуулна, МАН бүлгийн хуралтай гэсэн шалтгаанаар УИХ-ын чуулган хуралдахгүй болов. Авлигатай тэмцэх хуулийг баталчихсан тохиолдолд түүний араас Х.Тэмүүжин гишүүний санаачилсан сонирхлын зөрчлийн тухай хууль хэлэлцэгдэх байсан юм. Төрийн албан хаагчид хоёрдугаар сарын нэгнээс өмнө хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөг. Үүнтэй зэрэгцээд сонирхлын зөрчлийн тухай мэдүүлэг мөн өгч байхаар шинэ хуулинд заасан байгаа. Тиймээс Авлигын эсрэг хуулийг хэлэлцэхгүй хойшлуулсаар байгаа нь энэ парламентад байгаа гишүүд сүүлийн жил тэсээд үлдэе гээд хоёрдугаар сард хөрөнгө орлогын мэдүүлгээ хуучнаар нь өгнө гэж гүрийж байгаа бололтой. Сонирхлын зөрчлийн тухай хууль батлагдвал ар өвөртөө янз бүрийн компанитай гишүүд баахан толгойгоогоо өвтгөх болчих гээд байдаг. Тиймээс бага багаар уяж байгаад хоёр сар гаргачих санаатай гишүүд цөөн бус байгаа аж.
Б.Баяр

