Нийслэлд өнгөрсөн долоо хоногт 10 төрлийн халдварт өвчний 271 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс вирүст гепатит 159, цусан суулга 20, гар хөл амны өвчин 19, гахайн хавдар 20, салхин цэцэг 35 хүн тус тус өвчилсөн байна. Мөн цочмог шарлалттай өвчний хам шинжийн 360 тохиолдол мэдээлэгдсэн нь урьд онтой харьцуулахад 95 тохиолдлоор нэмэгдсэн байна. Гепатит А,В,Г голомтлон гарч байгаа аймаг, дүүрэгт тус өвчний эсрэг вакцинаар дархлаажуулах эрүүл мэндийн сайдын тушаалын төсөл боловсруулж, вакцины хуваарийг гаргасан байна.Харин хүйтний улиралд элбэгшдэг ханиад томуу улсын хэмжээнд өвчлөл багатай байгаа аж. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээгээр өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 156 мянга гаруй хүн амбулаториор үйлчлүүлсний 8494 буюу 5,4 хувь нь томуугаар өвджээ.
Т.Энхэлээ