Нутаг нэгтнээ хил дамнуулан худалдсан хэрэгт буруутгагдаад буй П.Батцэцэгийг өнөөдөр шүүнэ. Түүний гэм буруутай эсэхийг Сүхбаатар дүүргийн шүүхэд 16.00 цагаас хаалттай хэлэлцэхээр болжээ. Уг хэрэгт С.Хишигжаргал прокурор хяналт тавьж, Эрүүгийн хуулийн 124.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Тус зүйл ангид биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурван зуугаас дөрвөн зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг аж. Хуралд даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, улсын яллагчаар С.Хишигжаргал, өмгөөлөгчөөр Н.Сайнзаяа нар оролцоно.
Б.Чимэг