“Бөмбөгөр” худалдааны төвөө шатаалгасны дараа нэг хэсэг олны анхаарлын төвд орсон Г.Алтан Сигапурт амьдарч байгаад ирсэн. Харин түүний талаарх мэдээлэл сүүлийн үед илт идэвхижих болсон. МАН-ын Бага хурлын гишүүн болсон тэрээр эмэгтэйчүүдийн квот нэрээр улс төр сонирхож, УИХ-ын гишүүний суудлыг мөрөөдөж байж болох юм. Мөн “Бөмбөгөр” худалдааны төвөө шинээр ашиглалтад оруулж ажил үйлс нь ч өөдрөг яваа аж. Үүнтэй зэрэгцээд Г.Алтанг “Хадгаламж” банкны тодорхой хувийг худалдан авсан тухай мэдээлэл нэг хэсэг дуулиан тарьсан. Гэвч тэрээр үүнд тодорхой хариу өгөхгүй байснаа гэнэтхэн өчигдөрөөс эхлэн үгүйсгэж эхэлсэн нь анхаарал татах боллоо. Өмнө нь уг мэдээлэлд хариу өгөөгүй бизнесмен хатагтай гэнэт хэвлэлүүдээр янз бүрийн өнцгөөс тайлбар хийлгэж, банкгүй болохоо нотлож байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Г.Алтан “Хадгаламж” банкны тодорхой хувийг авах гэж байгаад тохиролцоогүй аж. Тиймээс Г.Алтан “Хадгаламж” банкны хувь нийлүүлэгч ч биш, ТУЗ-ын гишүүн ч биш, гүйцэтгэх удирдлага ч биш гэнэ. Ийнхүү Г.Алтан хатагтайн банктай болох хүсэл талаар өнгөрчээ. Харин “Хадгаламж” банкны ТУЗ-д Ш.Батхүү, Жоель Каше, О.Хүрэлбаатар, Н.Дамдинжав, Б.Энхбат, Л.Бадамцэцэг, С.Сүхболд гэсэн хүмүүс байдаг бөгөөд хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчид нь аж.
