Үндэсний эрх
чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд түрүүлж,
үзүүрлэн, шөвөргөсөн бөхчүүдэд цол олгох тухай саналыг Ардчилсан намын бүлгээс
гаргасан билээ. Уг асуудлыг УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар хэлэлцэхэд гишүүд
дэмжээгүй учир уг хууль батлагдсангүй. Үүнээс гадна их аварга Х.Баянмөнх, Ж.Мөнхбат,
О.Балжинням, Б.Бат-Эрдэнэ болон отгон аварга С.Мөнхбат, арслан Ганбат, заан Ч.Санжаадамбаас
эхлээд МҮБХ-ныхон хүртэл уг хуулийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм. Энэ
талаар Б.Бат-Эрдэнэ аварга хэлэхдээ “Би Монголын нууц товчооны 750 жилийн
ойгоор цол авч байсан ч энэ бол баяр наадмын тухай хууль гарахаас өмнөх
асуудал, тэгээд ч тэмцээн уралдаан, ойн баяраар түрүүлж авсан цолыг зарим газар
тооцдоггүй юм. Баяр наадмын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаатай
холбоотойгоор хувийн явцуу байдлаар асуудалд хандах нь зохимжгүй гэдгийг хэлэх
байна. Жишээ нь, би шавь нараа бодсон бол цол олгоё л гэнэ. Харин монгол бөхөө
бодсон учраас энэ хуулийг эсэргүүцэж байна” гэжээ. Иймээс энэ сарын 29-нд болох бөхийн барилдаанд бөхчүүдэд цол олгохгүй байхаар шийдвэрлэсэн байна.
Т.Хулан