Оросын ард түмний бахархал, хөгжмийн суут зохиолч П.И. Чайковскийн “Шелкунчик” буюу “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг дэлхийн олон орон зул сарын баяраар тайзнаа тоглодог уламжлалтай. Энэ бүжгэн жүжгийг манай ДБЭТ-ын тайзнаа анх 1982 онд тогложээ. Германы зохиолч Э.Т.А. Хоффманны “Цөмөөхэй ба хулганы хаан” хэмээх үлгэрээс сэдэвлэн уг бүжгэн жүжгийн цомнолыг нь бичсэн билээ. Уг бүжгэн жүжгийн удирдаачаар Ч.Намсрайжав, Ж.Бүрэнбэх, Н.Туулайхүү нар ерөнхий балетмейстерээр Б.Жамьяандагва, ерөнхий зураачаар А.Морозов нар ажилласан байна. Жил бүрийн шинэ жилээр бяцхан үзэгчдийн хүртээл болдог “Шелкунчик” бүжгэн жүжиг гурван бүлэгтэй. XVIII зууны сүүлчээр Германы нэгэн жижигхэн хотод болсон үйл явдлыг үзүүлдэг. Жүжгийн үйл явдал “Шелкунчик” сүлд модны наадам болж байгаагаар эхэлнэ. Гэрийн эзэд болон зочид Дроссельмейерийг тэсч ядан хүлээгээд сууна. Түүнийг ирэнгүүт цугларсан хүүхдүүд зочдын өрөөнд орно. Ингээд баяр эхэлж, бүгд хөгжилдөн бүжнэ. Дроссельмейер үлгэрийн шидтэн мэт хүүхэлдэйнүүдийг амилуулан бүжиглүүлдэг. Тэдний дунд ханхүү үзэсгэлэнт охиныг харгис хулганы хааны гараас хэрхэн аварч байгааг харуулсан хэсэг нь бяцхан үзэгчдийн сэтгэлийг хамгийн ихээр хөдөлгөдөг.
Т.Энхэлээ