Бүрэн эрхийн хугацаа нь дуусахад хэдхэн сар үлдээд байгаа энэ парламентийн УИХ-ын чуулганд суух ирц өдөр ирэх тусам багассаар байна. Энэ долоо хоногт ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар чухал хуулиудыг хэлэлцэхгүй хойшлуулсаар байгаа билээ. Өнөөдөр л гэхэд Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэх байсан ч дээрх шалтгааныг хэлээд хойшлуулав. 76 хүний 15 нь гадаадад амины болон ажлын шугамаар явжээ. Харин орон нутагт таван гишүүн ажиллаж байгаа гэв. Мөн С.Баяр, Г.Батхүү, Д.Одхүү, Ц.Цэнгэл, Ц.Шинэбаяр, Д.Тэрбишдагва зэрэг зургаан гишүүн өвдөж, ойрд байгаагүй рекорд тогтоов. Энэ бол өнөөдрийн ирц. Өвчтэй гэж чөлөө авсан гишүүдээс С.Баяр л АНУ-руу явж цөөнгүй хоног эмчлүүлэхээр болсон гэсэн мэдээ байна. Бусад нь ямар учраас өвдөв, хавдав гэсэн мэдээлэл одоохондоо алга. Туслахууд нь ч энэ талаар хэлэх дургүй байна. Энэ долоо хоногт гишүүд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталж, их ажлын ардаа гарлаа гэж санаа амарсан уу, яасан ээлж ээлжээрээ тойргийнхоо иргэдтэй уулзахаар явж байна. Өдөрт дунджаар 5-6 гишүүн тойрог руугаа явж сонгогчидтойгоо уулзаж байгаа аж. Сонгууль дөхөх тусам иргэддээ “хайр” зарладаг ид үе нь эхэлж байгаа бололтой.
Өнөөдөр УИХ-ын чуулганд 76-аас 54 нь ирцээ бүртгүүлсэн ч түүнээс хамаагүй бага гишүүн чуулганы танхимд байлаа.
Өнөөдөр УИХ-ын чуулганд 76-аас 54 нь ирцээ бүртгүүлсэн ч түүнээс хамаагүй бага гишүүн чуулганы танхимд байлаа.
Б.Баяр

