Хууран мэхлэх замаар нутаг нэгтнээ БНХАУ-д худалдсан хэрэгт сэжигтнээр татагдсан П.Батцэцэгийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэлсэн ч хохирогч ирээгүй гэх шалтгаанаар хойшиллоо. Хурлыг Ч.Хосбаяр шүүгч даргалж, улсын яллагчаар С.Хишигжаргал, өмгөөлөгчөөр Н.Сайнзаяа нар оролцов. Түүнийг Эрүүгийн хуулийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн хэмээн буруутгаж буй. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурван зуугаас дөрвөн зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх аж.
Б.Чимэг