Зул сарын баяраа тэмдэглэж, залбирал үйлдэж байсан Нигер улсын Гэгээн Терезагийн сүмийг өчигдөр үл мэдэгдэх этгээд гаднаас нь дэлбэлж, хамгийн багадаа 25 хүн амь үрэгджээ. Энэ сүм нь тус улсын нийслэл Абужагийн ойролцоо Мадалла хотод байдаг бөгөөд эргэн тойрны дэлгүүр, байшин барилга нь ч мөн сүйдсэн байна. Нигерт сүүлийн өдрүүдэд хэт даврагч зэвсэгт бүлэглэлүүдээс болж нэлээн тогтворгүй байгаа. Засгийн газрын зүгээс харанхуй болмогц хөл хорио тогтоогоод байсан юм. “Ал Жазеера” сайтын мэдээлж байгаагаар хүмүүсийг залбирал үйлдэж байх үед гэмт хэрэгтэн гаднаас нь гар хийцийн бөмбөг шидсэн байна. Одоогоор сүмд хэдэн хүн байсан нь тодорхойгүй байгаа. Мөн түргэн тусламжийн эмч хангалтгүй байсан тул дэлбэрэлтийн тухай мэдээлэл аваад очсон сэтгүүлчид, хотын иргэд шархадсан хүмүүст тусалжээ. Энэ дэлбэрэлтээс хэдхэн цагийн дараа Жос хотын Католиг сүмийг мөн дэлбэлж 15-16 хүн нас барсан гэж “CNN” мэдээлэв. Гэсэн ч энэ нь албан ёсны тоо биш бөгөөд нийт хэдэн хүн нас барж, гэмтсэнийг тогтоогоогүй байгаа аж.
Энэ хэрэгт хэн нэгэн хариуцлага хүлээнэ гэдгээ албан ёсоор мэдэгдээгүй байна. Гэсэн ч “Боко Харам” босогчдын бүлгийн хийсэн үйлдэл гэж таамаглаж байгаа аж. Тэд өнгөрсөн наймдугаар сард Абужа хотод байдаг НҮБ-ын байрыг дэлбэлж байсан. Энэ бүлэглэл нь барууны нөлөөллийг эрс эсэргүүцдэг бөгөөд өнгөрсөн Зул сарын баяраар таван сүмд бөмбөг тавьж олон арван хүний аминд хүрч байжээ.
Нигер улс нь 167 сая хүнтэй бөгөөд тал нь мусалман, тал нь христын шашин шүтдэг гэсэн албан бус мэдээлэл байна.

Б.Баяр