Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Энхийг сахиулагчдын олон улсын өдрийг тохиолдуулан Энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагнах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Чингисийн талбайд болов.
Афганистан улсад явуулж буй АНУ-ын тэргүүлсэн “Тогтвортой эрх чөлөө” үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн багийн есдүгээр ээлжийн бие бүрэлдэхүүн, Африкийн баруун Сахар улс дахь НҮБ-ын мандаттай “Минурсо” ажиллагаа, Бүгд найрамдах өмнөд Судан улсын энхийг дэмжих ажиллагаанд штабын офицер, цэргийн ажиглагчаар ажилласан бие бүрэлдэхүүн өнөөдөр Монгол Улсын төрийн одон, медаль гардан авсан юм. Тэдэнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, БХЯ, ЗХЖШ-ын удирдах хүмүүс шагналыг гардуулан өгөв.
Цэргийн гавьяаны одонгоор ЗХЖШ-ын ажиллагааны удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн А.Балжиннямыг,
Цэргийн хүндэт медалиар Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн тагнуулын офицер М.Эрдэнэ-Очир, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн дайчилгааны офицер Э.Сэрээтэр, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн тагнуулын дарга Э.Ганзориг, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн техникч П.Энхзаяа, Зэвсэгт хүчний материал хангалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Цог-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171-Е нисдэг тэрэгний үйлчилгээний бүлгийн дарга Ж.Цогтдорж нарыг,
Энхийн төлөө медалиар ТЕГ-ын ажилтан Б.Ундрах, ЗХЖШ-ын цэргийн хангалт үйлчилгээний газрын мэргэжилтэн Б.Батням, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн оператив тасгийн офицер Б.Гантулга нарын зэрэг нийт бие бүрэлдэхүүнийг тус тус шагналаа.