Эрүүл мэндийн даатгалыг сар бүр төлдөг бол үүнийгээ ашиглаад улсын эмнэлэгт үнэ төлбөргүйгээр шүдээ эмчлүүлэх боломжтой юм. Та дүүргийн эмнэлгийнхээ шүдний тасагт хандаж болно, эсвэл бидний хэлж заншсанаар “Шүдний төв” буюу “Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв”-д хандаарай. “Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв” бууриа сэлгэн түргэн тусламжийн 103 хажууд шинэ байранд ороод байгаа билээ.

“Шүдний төв” ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?
Урьдчилан сэргийлэх
Та хэрвээ бага насны хүүхэдтэй бол хүүхдийнхээ шүдийг байнга эрүүл ахуйч эмчид үзүүлж, цоорлоос урьдчилан сэргийлэх зөвлөгөө авч байх хэрэгтэй. Хүүхдийн анхны сүүн шүд шүдлэж эхлэхээс л та хүүхдийнхээ шүдэнд анхаарч байхыг эмч нар зөвлөдөг. Шүдний төвийн 204 номерын өрөөнд урьдчилан сэргийлэх үзлэг хийн, зөвлөгөө өгдөг юм байна. Та хүүхэд болон өөрийнхөө шүдийг эрүүл байгаа эсэхэд эргэлзэж байгаа бол урьдчилан сэргийлэх үзлэгт үзүүлээрэй. Энд үзүүлэхэд цаг авах шаардлагагүй, дугаарлаж байгаад үзүүлдэг юм байна.
Эмчилгээ
Таны шүд нэгэнт өвчилсөн бол та хүлээн авах дээр нь очиж цаг авах хэрэгтэй. Маш их дараалалтай байдаг учир бараг 20 гаруй хоногийн дараах л цаг олдох магадлалтай. Мөн шүд авахуулах зэрэг үзлэгийн цагийг шинэ долоо хоног эхлэх бүрт даваа гаригийн өглөө өгдөг юм байна. Тиймээс эртхэн очоод нэг удаа цаг авчихсан байхад дараа дараагийн эмчилгээг эмч нар нь цаг товлоод явчихдаг учраас дахин дугаарлаж цаг авах хэрэггүй.
Шүдний гажиг засал
Шүдний аппарат хийлгэх, шүдний буруу ургалт, элдэв төрлийн гажиг зэрэгт мэргэжлийн маш чадварлаг эмч нар зөвлөгөө өгч үйлчилнэ. 301 тоотод цаг авалгүйгээр шууд үзүүлж болох ба бусад хувийн эмнэлгүүдэд 1,5 сая орчим төгрөгийн өртөгтэйгээр хийгддэг гажиг заслын аппаратыг ЭМД-ын хөнгөлөлттэйгээр мөн хийлгэх боломжтой юм.
Сард хэдэн төгрөгийн хөнгөлөлт эдлэх вэ?
ЭМД төлөгч иргэн сард хоёр удаа, нэг шүдний 16200 төгрөгийн эмчилгээг ЭМД-аараа хийлгэх боломжтой. Таны хийлгэсэн эмчилгээний үнэ үүнээс илүү гарвал та хувиасаа төлнө.
























































Сэтгэгдэл (2)