Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдөр нийт 25 хэрэг хянан хэлэлцсэний дотор Н.Очирбат, Б.Хулан нарын нэхэмжлэлтэй “Хурилдуур” ХХК, “Баганат өргөө групп” ХХК-иудад холбогдох иргэний хэрэг багтав. Н.Очирбат нь “Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн бүлгийн даргаар ажиллаж байхдаа 2012 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ангийн захирагч А.Батмөнхийн тушаалаар Баянзүрх дүүрэг Бөхийн өргөөний баруун урд байрлалтай “Хурилдуур” ХХК-ийн харьяа “Эрин” эмнэлгийн барилга дээр 11 ахлагчийн хамт ажил үүрэг гүйцэтгэсэн. Гэтэл 10 цагийн үед хажуу талын “Баганат өргөө” ХХК-ийн барьж буй барилгын 12 давхраас тулгуур төмөр унаж, дух, нүүрний хэсгийг онож, тархи болон нүүр, хацрын яс нэлэнхүйдээ бяцарч хүнд гэмтэл авсан. Осолд орсноосоо хойш БНХАУ, Энэтхэг улсад явж эмчилгээ хийлгэсэн боловч өрөөсөн нүд сохорч, үнэрлэх амтлах чадваргүй болж, нүүрний гоо сайхан засаршгүйгээр гэмтэл учирсан. Ийм учраас БНСУ-ын “Тэжон Сон” эмнэлэгт 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хэвтэж, 8 дугаар сарын 6-ны өдөр хагалгаанд орж, зовхинд мэдрэл шилжүүлэн суулгах, хамар хацрын хугаралтай ясыг тэгшлэх, сорви арилгах клиник болон пластик хагалгаа хийлгэж, 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл эмчлүүлсэн. Эмчилгээний зардалд нийт 82 сая төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх дээрх хэргийг 2014 оны 3 дугаар сарын 19-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд хариуцагч “Баганат өргөө групп”, “Хурилдуур” ХХК-иудаас тус бүр 28 сая 912 868 төгрөг, нийтдээ 57 сая 825 736 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Очирбат, Б.Хулан нарт олгож, нэхэмжлэлээс 24 сая 174 264 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр мөн хэргийг хянан хэлэлцээд Н.Очирбат, Б.Хулан нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Ингэснээр Н.Очирбат, Б.Хулан нарт “Баганат өргөө”, “Хурилдуур” ХХК-иудаас гэм хорын хохиролд 82 сая төгрөг гаргуулахаар болсон байна.
Д.Ундрах /24tsag.mn/
























































Сэтгэгдэл (13)