“Эвридэй интернэшнл” ХХК, “Ноён уул эрдэнэ” ХХК-иас ирүүлсэн “Цэс хайрхан” ХХК нь тус компанийн импортоор оруулж ирж борлуулдаг “Madelene” дарсны шошгыг дуурайлган хийсэн дарсыг үйлдвэрлэн борлуулж байгаа тухай гомдлыг ШӨХТГ шалгажээ.Ингэхэд Оюуны өмчийн газрын 2014 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн 41/037 тоот Улсын байцаагчийн дүгнэлтээр “Цэс хайрхан” ХХК нь дарс борлуулах зах зээлд үйл ажиллагаа явуулахдаа дарсны үйлдвэрлэлийн нэр хүнд бүхий “Madelene” барааны тэмдгийг өөрийн бүтээгдэхүүнд хуулбарлан бичиж, нэг төрлийн бүтээгдэхүүнд ашигласан нь тогтоогдсон байна. Герман улсын Franz Wilhelm Langguh Erden GmbH&Co.KG нь 2003 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн анхдагчтай “RoYal Madeleine” барааны тэмдгийг бараа үйлчилгээний 33-р ангилалаар Мадридын системийн дагуу Монгол улсад бүртгүүлжээ. Гэтэл “Цэс хайрхан” ХХК-ийн үйлдвэрлэн борлуулж байгаа “Madelene” дарсны тэмдэг нь эрхийн хамгаалалт хийгдсэн “Royal Madeleine” барааны тэмдгийн гол ялгагдах шинж бүхий Madeleine гэсэн үгийг үсгийн хэлбэр, бүтэц, дуудлагыг дуурайлган дарсны шошгондоо ашигласан байна. Улмаар тус газарт ШӨХТГ-ынхан зөрчлөө арилгуулах санал тавьсанаар тэд өөрийн компаний дарсны үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний барааны тэмдэг, хаяг шошгыг өөрчилж ажиллахаар болов.
Д.Ундрах /24tsag.mn/























































