Сүүлийн жилүүдэд амьд болон эндсэн нярайг хаа сайгүй хаях гэмт хэрэг ихэсч байна. 2011 онд л гэхэд нийтийн байрны жорлонгоос дутуу төрсөн нярай олдож байсан бол хогийн сав, гудамжнаас гээд нийт 10 гаруй нярай олдож байжээ. Харин 2012 оны эхний 09-р сард долоон хоногийн дотор гурван нярай олдож байсан нь олныг сэрдхийлгэсэн юм. Харин 2013 он гарсаар эрүүл саруул төрсөн дөрвөн нярай Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд төрүүлсэн эхдээ хаягдсан тохиолдол гарсан бол үүнээс хойш нярайн цогцос ар араасаа олдсон. Эдгээр хаягдсан нярайн эцэг, эхийг олж тогтооход хэцүү байдаг төдийгүй ихэнх нь амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэд байдаг гэнэ. 1990 оны сүүл 2000 оны эхээс нярай хүүхдээ хаях гэмт хэрэг ихэссэн байна.Харин хүүхдийн мөнгө эхлэх дунд үед энэ гэмт хэрэг багассан хэдий ч эргээд ихэсчээ. Амьд болон эндсэн нярай хүүхдээ хаа сайгүй хаях гэмт хэрэг нь Эрүүгийн хуулиар шийтгэгдэж, таван жил хүртлэх хугацаагаар хорих хүртэл ялаар шийтгүүлдэг хуулийн зүйл заалт байдаг ч яг энэ хэргээр ял эдэлсэн иргэн хуруу дарам цөөхөн байдаг аж. Төрүүлсэн үрээ хаяж, нүүр буруулна гэдэг эх хүнээс гарах үйлдэл гэхэд итгэхэд бэрх. Гэтэл чулуу хүртэл эмтэрдэг гэгддэг эхийн сэтгэл адгууснаас долоон дор байгаа нь харамсалтай. Учир нь, адгуус хүртэл үрээ хайрладаг байхад эх хүн төрүүлсэн үрээ гудамж талбай, хогийн сав, гүүрний дор бүр жорлонд хүртэл хаяж байгаа нь Монголын айхтар эмгэнэл гэлтэй. Нөгөө талаар, хүн болж төрнө гэдэг атга будааг асгахад зүүний үзүүр дээр тогтсон ганц будаатай зүйрлэдэг. Гэтэл ийм их хувь тавиланг олж төрсөн хүүхдээ хаяж байгаа нь бүр ч харамсалтай юм.
Энэ он гарсанаас хойш хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 26-нд СХД-ийн 3-р хорооны Бага Нарангийн 42-р гудамжнаас төрөөд удаагүй нярайн цогцос олдсон байна. Харин тухайн нярайн эхийг цагдаагийн алба хаагчид өчигдөр олж тогтоосон бөгөөд СХД-ийн 19-р хороонд түр оршин суугч Говь-Алтай аймгийн харъяат 19 настай оюутан эмэгтэй байсан байна. Мөн үүнтэй адил хэрэг энэ сарын 27-нд СБД-ийн 6-р хорооны нутагт гарсан бөгөөд одоогоор тухайн нярайн эхийг олж тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Харин эцэг, эх асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан, нас барсан тохиолдолд 5-10 жилийн хорих ялаар шийтгэдэг буюу эрүүгийн хуулийн 91.1 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэдэг аж.Сар бүр, бараг л 14 хоног тутамд л дөнгөж төрсөн нярайг олон түмний газар, гудамж, хогийн бункер, орц хонгил, зочид буудал хаа сайгүй хаячихдаг болж. Тэд чинь хог биш шүү дээ. Таны хоногийн хоолноос хумслах гэж ирээгүй. Танд баяр жаргал авчрах гэж, насан эцэслэхэд чинь хөлийг чинь хучих гэж ирсэн улс.
Эдгээр хүүхдүүдийн азтай нь тэнгэрийн ивээлд багтаж амьд үлдэх, үлдсэн хэд нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэх хоёрхон замтай. Энэ хоёр зам, хувь тавилангийн аль нь ч тэдэнд тохиолдлоо гэсэн “танихгүй газар, мэдэхгүй дэлхийд” ирсэн үрсэд минь ямар аймшигтай байгаа бол оо.
Мэдээж, бүсгүй та ямар ч хүн байлаа гэсэн харанхуй шөнөөр ганцаараа явах, согтуу хөлчүү, муу хүмүүстэй зөрөхөөс айдаг, эмээдэг л байлгүй. Таны энэ айдас, түгшүүр эдгээр хөөрхийлөлтэй үрсийн гомдол, гашуудлын хажууд юу ч биш. Хаягдаж, гудамжинд хоцорсон үрсэд маань “намайг хэн авах бол оо” гэсэн айдас түгшүүр ямар их байсан бол.Ингэж бодохоор эхчүүд минь дөнгөж төрсөн үрээ битгий хаяач.
Та ч гэсэн эхээс төрсөн шүү дээ.
Зарим бүсгүйчүүд хүсээд ч үрийн зулай үнэрлэж чадахгүй, өдөр шөнөгүй бурхандаа залбирч, өч төчнөөн мөнгөөр хувийн эмнэлгүүдийн хаалгыг шагайж байхад эрүүл саруул төрсөн бяцхан үрээ хөлдүү газарт тавьж одно гэдэг даанч харамсалтай.
24tsag.mn






















































Сэтгэгдэл (5)