Ерөнхийлөгчийн 12 сарын 29-нд монгол туургатнуудад хандсан
уриалгын талаар нэгэн өгүүлэл ОХУ-ын Буриад улсын “Информ полис” сонинд
өнгөрсөн 7 хоногт хэвлэгджээ. “24tsag.mn” уг өгүүллийг орчуулан хүргэж
байна. Өгүүллийн төгсгөлд Монголын иргэн болоход шаардлагатай 4 зүйл
болзол, бүрдүүлэх 16 төрлийн бичиг цаасны жагсаалтыг хавсаргажээ.
Ерөнхийлөгчийн 12 сарын 29-нд монгол туургатнуудад хандсан уриалгын талаар нэгэн өгүүлэл ОХУ-ын Буриад улсын “Информ полис” сонинд өнгөрсөн 7 хоногт хэвлэгджээ. “24tsag.mn” уг өгүүллийг орчуулан хүргэж байна. Өгүүллийн төгсгөлд Монголын иргэн болоход шаардлагатай 4 зүйл болзол, бүрдүүлэх 16 төрлийн бичиг цаасны жагсаалтыг хавсаргажээ.
2011 он улиран одож байхад Монголоос нэгэн дуулиант мэдээ ирлээ. Энэ мэдээг монгол угсаатнууд амьдран суудаг улсуудад сонин болгон хэлэлцэж байна. Чухам тэдгээр монгол тууратнуудыг Монгол улсын ерөнхийлөгч эдийн засгийн үсрэлтэд хувь нэмрээ оруулна уу хэмээн эх орондоо урьсан болохоор тэр.
Нэг хэсэг нь ерөнхийлөгчийн энэ үгийг ирэх жил болох сонгуулийн бэлтгэлтэй, нөгөө хэсэг нь Монголын эдийн засгийн өсөлттэй холбон тайлбарлаж байгаа бол нармай монголын үзлийн талаар сөхөх нэгэн ч байна. Товчдоо бол энэ мэдээ ямар нэг байдлаар бүхний анхааралд өртөж чаджээ.
Тусгаар тогтнолын 100 жилийн ойг тохиодлуулан парламентад хэлсэн үгэндээ Монголын ерөнхийлөгч дээрх урилгыг дурдсан юм. 2011 оноос Монголын шинэ жилийн баяр тусгаар тогтнолын өдрөөр агуулга нэмсэн билээ. 12 сарын 29-нд хөрш улсад маань бүх нийтийн амралтын өдөр болж байгаа юм байна. Яг нэгэн зууны өмнөх чухам энэ өдөр Монголын шашны болон оюун санааны удирдагч Богд гэгээн улсынхаа тусгаар тогтнолыг зарлажээ. Дашрамд дурдахад, энэ баярын ёслол буриад урчуудын барьсан хааны өвлийн ордонд болж байв.
100 жилийн шагнал
Үүнтэй холбоотойгоор Монголын ерөнхий сайд С.Батболдын өнгөрсөн намар Буриадад хийсэн айлчлал ч шинэ өнгө төрхөөр баяжиж байна. Тэрээр дахин сэргээсэн “Эрдэнийн очир” одонг Итгэл хамбад авчирсан юм. Тусгаар Монголын анхны засгийн газрын төлөөлөгчдийг Оросын хаантай уулзах ажлыг зохион байгуулахад тусалсных нь төлөө Буриадын хамба ламыг Богд гэгээн шагнаж байжээ.
-Орос дахь монголчуудын талаар маш нарийн бодлого явуулж байсан Богд хааны шийдвэр нь тэр шагнал байсан болов уу гэж би боддог хэмээн Монгол улсын ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан, түүхч, сонгоол буриад Б.Нацагдорж үзэж байна. “Яг 1911 оны үндэсний хувьсгалд буриадууд биечлэн оролцоогүй. Гэвч тусгаар тогтнол зарласны дараа Монголд буриадын эрдэмтэд, цэргийнхэн, лам нар, энгийн малчид ирцгээсэн. Богд хааны хувийн жолоочийг ордны гэрэл зурагчны ажилтай хавсарч байсан хүн Агийн буриад Бадмаа Васильев байсан байх жишээтэй” гэж тэр ярьлаа.
Дэлхийн 2 дахь социалист хувьсгалын (зохиогч 1921 оны үйл явдлыг ингэж эндүү ойлгодог бололтой.-“24 цаг”) дараагаас буриадууд Монголд илүү идэвхтэй ажиллах болжээ.
Үлдэгсэд
100 жил өнгөрсний хойно Монголын удирдагч хилийн чанадад сурч, амьдарч байгаа эх орон нэгтнүүддээ хандав. Гадаадад суурьшигсад хэдэн мянгаар тоологддог. Жишээ нь, Өмнөд Солонгост ажиллаагсад Монгол руу, гэртээ асар их мөнгө илгээдэг юм. Үүн дээр АНУ, Европ, Турк, Сингапур, Солонгос, Япон, Хятад, Малайзид суралцахаар одогсод ч бий. Япон болон Хятадад байгаа монголчуудын ихэнх нь оюутан, дадлагажигч нар.
-Англи хэл сурахын тулд заавал АНУ юм уу, Англи явах шаардлагагүй. Дундаж орлоготой айл хүүхдээ Малайзид сургахаар явуулдаг бол чинээлэг эцэг эхчүүд Сингапурыг илүүд үздэг юм гэж Думаа хэмээх монгол оюутан ярьлаа.
Гэвч Монголын эрх баригчид сургуулиа төгсөөд эргэж ирэлгүй гадаадад үлддэг олон оюутны асуудалтэй нүүр тулаад байна. Улсын зардлаар сурсан бол гадаад хүнтэй гэр бүл болохыг хориглон, эргэж эх орондоо ирэхийг үүрэг болгосон гэрээг оюутнуудтайгаа байгуулдаг Японы засгийн газрын туршлагаас суралцахыг зарим нь санал болгох ажээ.
Эргэн ирсэн цагаачид
Өөрийн иргэдээсээ гадна монгол туургатнуудыг ирэхийг Ц.Элбэгдорж уриалан дууджээ.
-Би монголын түүхт төрийн тамгыг түшиж байгаа хүний хувьд өнөөдөр монголчууддаа хандаж нэгэн зүйлийг уриалах гэсэн юм. “Монголчууд аа, олуулаа болцгооё, Монгол нутагтаа ирцгээ” гэж уриалах гэсэн юм. Би энэ уриалгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, Монгол хүн бүрт хандаж, Монголоо гэсэн зүрх сэтгэл бүрт хандан хэлж байгаа юм. Бидний өвөг дээдэс үеийн үед энэ газар нутаг дээр олуулаа аз жаргалтай амьдрахыг мөрөөдөж ирсэн гэж Ц.Элбэгдорж хэлжээ.
Хятад, Орост байгаа монгол угсаатнууд ойролцоогоор 5 сая гэдэг. Зарчмын хувьд Монголын ерөнхийлөгч бусдаас онцгойрсон юм санал болгоогүй хэрэг. Орос улс элэг нэгтнүүдээ татах хөтөлбөрөө зарлаад удаж байгаа бол Казахстан Монголын 100 мянган казах иргэдийг урьсан. Улаанбаатарын сэтгүүлчид монголын хэлтэрхий үлдэж хоцорсон газар болгоноор зүгээр ч нэг яваад байдаггүй. Афганистаны хазара нартай очиж уулзсан телевизийн сэтгүүлч М.Буянбадрахын тухай бид бичиж байсан билээ. 2010 оноос Монголд Афганистанаас хазара оюутнууд ирж суралцаж байна.
Шинэ Монгол
100 жилийн дараа эрчимтэй хөгжлийн гараан дээрх Монгол орон мөн л нарийн мэргэшсэн мэргэжилтнүүдээр дутаж байна. Ц.Элбэгдоржийн энэ удаагийн илтгэлд баялгийн хуваарилалт, хотжилт, хөдөөгийн хөгжил, ашигт малтмалын хуулийн өөрчлөлт зэрэг хөгжлийн чухал асуудал бүрийн шийдлийг дэвшүүлсэн нь санамсаргүй хэрэг байсангүй. Дэлхий даяар санхүүгийн хямралын тухай ярьж байхад 2011 онд Монголын эдийн засаг бараг 18-20 хувь өсчээ. 2,8 сая хүн амтай улсын хувьд 4 цахилгаан станц, хэдэн мянган километр засмал болон төмөр зам, 3 уулын баяжуулах үйлдвэр шинээр барьж босгох төлөвлөгөө тийм ч бодитой бус санагдана.
-Бүх талаар, иж бүрэн хөгжихийн тулд нарийн мэргэжилтнүүд, чадварлаг ажилчид бидэнд хэрэгтэй байна. Энэ цоорхойг гадны хүмүүсээр нөхүүлэхийг хүсэхгүй байна. Тийм ч учраас ерөнхийлөгч монголчуудын цор ганц тусгаар улсад ирж, голомтоо хамтдаа хөгжүүлэхийг юун түрүүн дэлхийн монголчуудад хандаж уриалсан байх гэж эрдэмтэн Б.Нацагдорж хэллээ.