1 сарын 11-ний 11 цагт буюу таван ширхэг нэгийн тоо давхцахуйд Төрийн ордонд эхэлсэн АН-ын ҮЗХ-ны хурал лхагва гараг бүр болдог Засгийн газрын ээлжит хуралдааны товтой давхцсан, давхцсан тул хойшилсон тэр хуралдаанаар Засгийн газар “Энержи ресурс”-ын гэрээг хэлэлцэх гэж байсан тухай I ангид өгүүлсэн. Хэдийгээр агуулга, нэр, нюансын талаар маргаж болох ч Х.Баттулгын дуулиант мэдэгдэлд дурдсанчлан гэрээний төсөл яригдаж байгаа гэдэг нь үнэн байжээ. Бүр Д.Зоригт, С.Баярцогт, Л.Гансүх гуравт хөрөнгө оруулатын гэрээний төслийг УИХ-д танилцуулах шийдвэрийн төсөл хийгдсэн байсныг 24tsag.mn бичсэн билээ. Харин дундаа тасарсан дутуу киноны бүрэн зохиол буюу гэрээний үндсэн агуулгын талаарх мэдээллийг энэ удаа үргэлжлэл болгон II ангиараа хүргэж байна.
“Энержи ресурс” ХХК-ий гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлийн “Цагийн хүрд”-д учирласнаар бол жил гаруйн өмнө буюу 2010 оны намрын сүүл, өвлийн эхэн хавьцаа энэ бүхэн эхэлжээ. Барагцаагаар энэ нь тус компани Гонконгийн хөрөнгийн биржид Mongolian mining corporation нэрээр IPO хийж, хувьцаагаа арилжиж эхэлсэн үетэй давхцаж байна. Олон улсын хөрөнгийн биржээс 650 сая доллар босгосон тул хөрөгө оруулалтдаа Засгийн газраас баталгаа гаргуулж авах талаар хөөцөлдөх нь зүй ёсны ажил байлаа. Г.Батцэнгэл тэр үед “250 сая ам долларын өр зээлтэй. Энэ 650 сая ам доллараасаа өр зээлээ төлнө. Бидний сая босгосон 650 сая гаруй ам долларын нэг цент бүр энэ төслийн үйл хэрэгт зарцуулагдана” гэж мэдэгдэж байв. Чухам энэ л үед “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Энержи ресурс” ХХК-иас Монгол улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлт” гэдэг хавтастай бичиг цаас Сүхбаатарын талбайн зүүн урд өнцгийн өндөр байшингаас хойморт нь ханхайх Төрийн ордны 3 давхарт дайгдан очжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 29.3 дугаар заалтад зааснаар эхний 5 жилийн хөрөнгө оруулалт 50 сая ам.доллараас давсан бол Засгийн газар хөрөнгө оруулалтыг эрсдэлээс хамгаалах зорилгоор тогтвортой орчин бүрдүүлэх үүрэг хүлээж Хөрөнгө оруулалтын гэрээг 10-30 жилээр байгуулах ёстой. Нэгэнт ийм тул “Энержи ресурс”-ын саналыг Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хуваарилан ажлын хэсэг гаргаж судлуулсан байна. Харин ажлын хэсгийн дүгнэлтийг гэрээний төсөлтэй хамт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх ёстой өдөр энэ гурван яамны сайдын хоёр нь буюу С.Баярцогт, Л.Гансүх нар огцрох гээд намынхаа нөхдийн өмнө есөн шидээрээ дуудуулж таарчээ. Яг энэ эгзэгтэй үед “MCS компанийн ажлыг энэ засагт байхдаа нэлээн хийж өглөө” гэдэг алдарт афоризмаа Х.Баттулга сайд хэлээд, ийм гэрээ хийгдэх гэж байгааг буруушаасан мэдэгдлээ хийсэн билээ. Х.Баттулгын өөрийнх нь хэлснээр бол түүний удирдаж байсан ЗТБХБЯ энэ төслийг дэмжих боломжгүй гээд эргүүлээд шидчихсэн гэнэ. Үндэслэлийг нь тэр “Хятадын 75 хувийн хувь эзэмшилтэй” хэмээн тодотгож байгаад ингэж хэлсэн:
- Энэ тогтвортой байдлын гэрээнд дан ганц MCS биш, энэ компанийн бүх салбар нэгжүүд гэж байгаа юм. Одоо байгаа, ирээдүйд байгуулах бүх компаниуд нь. Бусад компаниуд Засгийн газрын хаанаас нь төрчихсөн юм.
Одоо ажлын хэсгийн дүгнэлтийг задлан шинжилж, энгийн хэдэн гаргалгаа хийж үзье. “Энержи ресурс” ХХК Засгийн газарт дараах саналуудыг тавьсан, ажлын хэсэг доорх хариуг өгсөн гэж ойлгогдож байна.
1. “Энержи ресурс” ХХК: Агаарын бохирдлын төлбөр, ус, рашаан ашигласны төлбөр, газрын төлбөр зэрэг татваруудыг цаашид гэрээний хүчин төгөлдөр хугацаанд буюу 30 жил өөрчлөхгүйгээр тогтворжуулах.
Ажлын хэсэг: Дээрх татварууд нь байгаль, цаг уураас хамааран өөрчлөгдөж байх тул тогтворжуулах боломжгүй.
2. “Энержи ресурс” ХХК: Өнгөрсөн хугацаанд охин компаниудаараа дамжуулан “Ухаа худаг” төсөлд 590 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн тул эдгээр охин компаниудад гэрээ үйлчлэх.
Ажлын хэсэг: Тийм юм байхгүй. Хөрөнгө оруулагчийн бүх охин компанийг гэрээнд хамруулах боломжгүй. Төслийн үйл ажиллагаанд хамааралгүй компаниуд нь хүртэл татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болох тул зөвхөн цахилгаан станц, баяжуулах үйлдвэр, усан хангамж, хатуу хучилттай зам, тээврийн үйлчилгээний чиглэлийн, 100 хувь “Энержи ресурс”-ын хөрөнгө оруулалттай, нэр бүхий 5 охин компанид нь л татварын хөнгөлөлт үзүүлж болох юм.
3. “Энержи ресурс” ХХК: Засгийн газрын тогтоол, олон улсын гэрээ, яамдын сайд, агентлагийн даргын тушаал, тусгай зөвшөөрлийн олголт зэрэг бусад нарийвчилсан харилцааг хэсэгчлэн тогтворжуулах. (Сонгууль, эргэлт, хувьсгал зэргээр өөрчлөгдөж болох тогтворгүй факторууд)
Ажлын хэсэг: Тийм юм байхгүй. Зөвхөн татварыг л тогтворжуулна. Бусад харилцаа нь тухайн үед үйлчлэх бусад хууль тогтоомжийн хүрээнд зохицуулагдана.
Ийнхүү “Энержи ресурс”-ын оруулж ирсэн 127 заалт бүхий гэрээний төслөөс ажлын хэсэг 17 заалтыг хасч, 12-ыг шинээр тусгаж, 60 заалтыг өөрчлөн найруулсан байна. Одоо хүртэл энэ гэрээний төслийн ерөнхий нөхцлүүдийг Засгийн газар ч, “Энержи ресурс” компани ч задлахыг яарахгүй байна. Батлагдаагүй, төсөл хэлбэрээр байгаа болохоор гэж тайлбарлаж болох ч олон нийт, хэвлэл мэдээллийн анхааралд нэгэнт өртсөн асуудлыг нуух тусам “70 жилийн буюу үүрдийн гэрээ”, “Кола, памперсны борлуулалт хүртэл татварын хөнгөлөлтөд хамрагдана”, “MCS улс боллоо” зэрэг ярианд хүч нэмсээр байх болно. Харин гэрээ хэзээ хийгдэх, хийгдвэл ямар нөхцлөөр байгуулагдах, энэ хэл амыг хэн хэн оролцон хэрхэн зохицуулах сценари албан өрөө, VIP тасалгаануудаар нэгэнт яригдаад эхэлжээ. “Энержи ресурс” бол Н.Энхбаяр, Х.Баттулга хоёроос бусдынх нь сонирхлыг ямар нэг байдлаар хангахыг оролдсон, манай улс төр-бизнесийн цирк дэх олсон дээрх тэнцвэржүүлэгч саваатай акробат юм. Ур чадвар, ухаан шаардсан үзүүштэй номер ч нэг алдвал гарз хохирол нь даанч хүнд тусдаг осолтой үзүүлбэр...
Б.Батаа