Хүчээ сэлбэж буй Засгийн газрын шинэ сайд нарын нэр өнгөрсөн долоо хоногт янз янзаар яригдаж байсан. Сонгууль болтол цөөхөн сар ч гэсэн сайд байх хүсэлтэй хүмүүс их буйгаас АН-ын сайд нарын орны хүмүүсийг томилох гэж МАН дотроо багагүй зөрчилдөв. Гэсэн ч өнгөрсөн амралтын өдрүүдэд намын удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж тоймтой шийдвэрт хүрчээ. Эзэнгүй болсон зургаан сайдын суудлын гурвыг нь УИХ-ын гишүүдээс, гурвыг нь гаднаас томилно хэмээж байсан нь ёсоор болов.
Урьд нь Батлан хамгаалахын сайдад Ж.Энхбаяр эргэлт буцалтгүй гэж байсан ч УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг тавихаар болжээ. Сангийн сайдаар Дарханаас УИХ-д сонгогдсон Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярвааг, мөн тэргүүн шадар сайдаар www.24tsag.mn сайтын мэдээлж байсны дагуу С.Баярыг тохоон томилох болсон тухай баттай эх сурвалж манайд мэдээлэв. Ингээд УИХ дотроос сонгоно гэж байсан сайд нарын суудал дүүрлээ. Харин үлдсэн гурван суудалд гурван “баатар”-ыг цохсон байна. ЗТБХБ-ын сайдаар Я.Содбаатарыг, БОАЖ-ын сайдаар Д.Цогтбаатар, ЭМЯ-ны сайдаар Н.Хүрэлбаатар нарыг сонгожээ. МАН-ын бүлгийн гишүүд асуудал нэгэнт тодорхой болсон тул өнөөдөр энэ томилгооны тухайд мэдээлэл хийх төлөвтэй байна.
