Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн ХЗС, Удирдлагын академи, Нээлттэй академи, ШУА-ийн Философи социологи, эрх зүйн хүрээлэн зэрэг байгууллагууд хамтран Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойг угтан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Бираагийн Чимэдийн нэрэмжит Үндсэн хуулийн эрх зүйн сэдэвт судалгааны шилдэг илтгэлийн уралдааныг Хууль зүйн үндэсний хүрээлэнд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь үндсэн хоёр үе шаттай явагдаж, нэгдүгээр шатанд шалгарсан илтгэлүүдийг судлаач болон оюутны гэсэн хоёр үндсэн салбаруудаар хэлэлцүүлэн шилдэгүүдээ шалгаруулсан байна. Судлаачдын салбарт УИХ-ын тамгын газрын судалгааны төвийн судлаач П.Амаржаргал, УИХ-ын тамгын газрын эрх зүй, хуулийн хэлтсийн ахлах зөвлөх Л.Өлзийсайхан, Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбат, Булган аймгийн сум дундын шүүхийн шүүгч Н.Нарангэрэл, Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш Р.Очирбал нар илтгэл хэлэлцүүлжээ. Уг хэлэлцүүлгээс Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш Р.Очирбалын хэлэлцүүлсэн “Сонгуульд иргэд нийтээрээ оролцох зарчим ба хорих газар ял эдэлж байгаа хоригдлуудын сонгуулийн эрхийн асуудал” сэдэвт илтгэл Тэргүүн байрт шалгарсан байна.
Манай улсын 1924, 1960, 1992 оны Үндсэн хууль үйлчлэх үеийн сонгуультай холбоотой бүхий л хууль тогтоомжоор хорих ял эдэлж байгаа иргэдийн сонгуулийн эрхийг автоматаар хязгаарлаж байсан бөгөөд энэхүү хязгаарлалт эдүгээ хүртэл сонгуулийн хууль тогтоомжид байгаа аж.
Орчин үед дэлхийн улс орнуудад хоригдлуудын сонгуулийн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудал Үндсэн хуулийн эрх зүйн хувьд маргааныг бий болгоод байгаа бөгөөд манай улс дахь хоригдлуудын сонгуулийн эрхийг хязгаарласан нь хүний үндсэн эрхийн талаасаа үндэслэлтэй эсэхийг тэрээр судалсны зэрэгцээ хоригдлуудын сонгуульд санал өгөх эрхийг хязгаарласан УИХ-ын сонгуулийн тухай хууль, Ерөнхийлөгчийн болон орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан байна.
Тиймээс тун удахгүй хоригдлууд сонгуульд оролцон санал өгөх эрх эдлэх эсэх асуудал Үндсэн хуулийн цэцээр шийдвэрлэгдэх бололтой.
Б.Чимэг