А.И.Хачатуряны нэрийн хуудас болсон “Спартак”-ийг ДБЭТ-ын тайзнаа тоглоно

Оросын хөгжмийн зохиолч А.И.Хачатурянаар овоглодог “Аз жаргал”, “Гаянэ”, “Спартак” гэсэн гурван балет бий. Үүнээс “Спартак”-ийг түүний нэрийн хуудас хэмээдэг. ЗХУ-ын “Большой театр”-ын захиалгаар 1941 онд буюу дэлхийн II дайны үед туурвиж эхэлсэн уг бүтээлээ А.И.Хачатурян 1954 онд бүрэн дуусгасан гэдэг. Дөрвөн бүлэг, есөн үзэгдэлтэй уг бүжгэн жүжгийн цомнолыг Н.Д.Волков, И.А.Моисеев нар бичсэн бөгөөд Ленинградын Кировын нэрэмжит дуурь, бүжгийн театр \одоогийн “Марийнский” театр\-т 1956 онд анх тавьжээ. Ард түмнийг гэрэл гэгээ рүү хөтөлж байгаа баатар эрийн тухай өгүүлдэг энэхүү балетыг ДБЭТ-ын тайзнаа ирэх хоёрдугаар сарын 18, 19 нд тоглох юм. “Спартак”-ийг монголын тайзнаа 1984 онд анх тавьсан түүхтэй. Тэр үед ТШ, АЖ, ХБ балетмейстер Б.Жамъяндагва найруулан тавьсан бол ерөнхий зураачаар АЗ Ч.Гунгаасүх ажиллаж, ТШ, АЖ Ж.Чулуун агсан удирдан тоглуулжээ. Ирэх сард тоглох “Спартак”-т балетын жүжигчин СТА Х.Мөнгөнхөлөг, СТА О.Ганцоож, М.Од нар гоцлон бүжиглэх юм.
Т.Хулан