Төсвийн мөнгө шамшигдуулсан хэрэгт буруутгагдаад буй ОБЕГ-ын дарга асан
П.Даш, тус газрын Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан
Л.Алтангэрэл нарыг шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд 14.30
цагт болох байсан ч ирэх сарын 03-ны өдрийн 09.30 цаг хүртэл хойшиллоо.

Учир нь шүүх хуралд улсын яллагчаар оролцох байсан О.Мөнхбаатар
гадаадад ажлаар явж байгаа аж. Тиймээс О.Мөнхбаатар прокурорыг ирэх сарын 2-ны өдөр эх орондоо
ирсний дараа шүүх хурлыг хийх хүсэлтийг нийслэлийн Прокурорын газраас
албан бичгээр ирүүлсэн байна. Шүүх хурал эхлэх үед комиссар П.Даш
хүрэлцэн ирээгүй бөгөөд түүнийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хэмээн
эх сурвалж хэллээ.
П.Даш нарт холбогдох хэргийг өмнө нь Хан-Уул
дүүргийн шүүхэд хэлэлцэж байсан бол харьяаллыг нь өөрчилж, Чингэлтэй
дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм.
Өнгөрсөн оны есдүгээр сарын 29-нд Хан-Уул дүүргийн шүүхээс тэднийг
төрийн өмчийг хувьдаа завшсан хэрэгт гэм буруутай хэмээн үзэж, 3.6 жилийн хорих ял оноосон ч Өршөөл үзүүлэх
тухай хуульд хамруулсан. Гэвч П.Даш анхан шатны шүүхийн шийдвэрийг “Хуульд нийцээгүй, би улсын хөрөнгө мөнгө хувьдаа завшаагүй. Хэрэг хийгээгүй байхад ял оноосон. Өршөөлийн хуульд хамруулсан хэргээ заавал цагаатгуулна. Нэр төрөө сэргээлгэнэ” гэж үзэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан билээ. Түүний гомдлыг өнгөрсөн арванхоёрдугаар сард Нийслэлийн шүүхэд хэлэлцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон юм.
Б.Чимэг