-
2016 оны 10 сарын 03
УИХ-ын гишүүн Д.Гантулгатай ярилцлаа.
-Шинээр бүрэлдсэн парламентын хамгийн залуу гишүүн нь та. Таны намтрыг уншихад 1987 онд төрсөн гэж байсан. Яагаад ийм залуудаа УИХ-д нэр дэвших шийдвэр гаргасан юм бэ?
-Монгол Улсын долоо дахь удаагийн парламентын сонгууль болж өнгөрлөө. Долоон удаагийн УИХ-ын сонгуулийн нийт хугацааг авч үзвэл хамгийн залуудаа сонгогдож байсан нь Д.Батбаатар гэж хүн бий. Д.Батбаатар гишүүн 1992 онд 28 настай байхдаа Налайх дүүргээс сонгогдож байсан юм билээ. Хоёр дахь тохиолдол нь би болж байна. Удахгүй 29 нас хүрнэ. Залуу хүн улс төрд орох шаардлагатай гэж би боддог. Яагаад гэвэл, нэгдүгээрт, Монгол Улс залуучуудын орон. Хоёрдугаарт, улс төрд залуучуудын оролцоо харьцангуй бага байна. Орон нутагт ажиллаж, иргэдтэй уулзалт хийхэд ихэвчлэн төрийн албан хаагчид, эсвэл ахмадууд л ирдэг. Төрийн албан хаагчид, ахмадуудтай уулзана гэдэг чинь тэдний асуудал л яригдана гэсэн үг. Харин залуучууд асуудал ярьдаггүй, уулзалтад оролцдоггүй болохоор өөрсдийг нь хамгаалах, өөрсдөд нь чиглэсэн, эрх ашигт нь нийцсэн бодлого төдийлөн гардаггүй юм. Тиймээс залуучуудын дуу хоолой болж, тэдний үгийг төрд хүргэх төлөөлөл зайлшгүй хэрэгтэй байна. Тэр утгаараа УИХ-д нэр дэвших шийдвэр гаргасан.
-УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнөх ажлын туршлагаасаа хуваалцвал?
-Миний хувьд зургаан жилийн өмнө МАН-ыг сонгон элсч, хөгжил шинэчлэлийн төлөө дуу хоолойгоо хүргэе гэж намын боловсон хүчний хамгийн залуу байгууллага болох Оюутны холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон. Оюутны холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа мөн хамгийн залуудаа намын Удирдах зөвлөлд сонгогдсон хүн болсон. Мөн Монгол Улсын Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Ингээд 2016 оны УИХ-ын сонгуулийн тойрог хуваагдахад Хэнтий аймагт буюу УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нэр дэвшихээр болсон.
-42 дугаар тойргийг яагаад сонгосон юм бэ?
-Хэнтий аймгийн Мөрөн сум 42 дугаар тойрогт хамаарч байсан. Мөрөн суманд би төрж, өссөн. Манай ээж мөн адил тус сумын уугуул хүн. Мөрөнгийн наад талд оршдог Жаргалтхаан сум манай аавын төрсөн нутаг. Хэнтий аймгийн төвд дунд сургуулиа төгссөн. Төрсөн гэр маань хөдөө байдаг байсан учраас 5-10 дугаар анги хүртлээ хамаатан садан, найз нөхөд гээд 20 гаруй айлаар амьдарч байсан. Хүүхэд байхдаа хүүхдийн байгууллага, оюутан болоод оюутны байгууллага удирдаж ирсэн. Хожмоо нутгийнхаа Оюутан залуучуудын холбооны ерөнхийлөгч болоод одоог хүртэл ажиллаж байна. Тиймээс төрсөн нутаг Хэнтий аймгийн ард иргэд надад итгэл хүлээлгэнэ гэдэгт итгэн 42 дугаар тойрогт нэр дэвшсэн.
-Сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах, тэр дундаа тойрог хуваарилах үед нам дотор багагүй маргаан, өрсөлдөөн үүсдэг. Тэр тусмаа том намаас залуучууд тойрогт хуваарилагдана гэдэг бол тун хэцүү. Таны дэвшсэн 42 дугаар тойрогт УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба нэр дэвшинэ гэж байсан ч тийм зүйл болоогүй. Ямар үйл явдал болоод Н.Ганбямба биш та дэвшихээр болсон юм бэ?
-Нэгдүгээрт, улс төр өөрөө өрсөлдөөн. Хоёрдугаарт, нэр дэвшүүлэхдээ намаас тухайн хүн ялалт байгуулах боломжтой юу гэдгийг хардаг. 42 дугаар тойрогт АН-аас нэр дэвшсэн, Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарын рейтинг харьцангуй өндөр, ялалт байгуулах хамгийн өндөр магадлалтай хүн байсан. Энэ хүнтэй эн зэрэгцэх хэмжээнд өрсөлдөх хүн хэн байх вэ гэдэг дээр манай намынхан ярилцсан. Түүнээс гадна би намын Удирдах зөвлөлд ”Нийгэм шинэ үе, залуу хүмүүсийг хүсч байна. 42 дугаар тойрогт ялах боломж надад байна. Ялалт байгуулахын төлөө ажиллахаас гадна Д.Гантулга гэж эгэл жирийн малчин айлаас гаралтай, янз бүрийн бизнест холбогдоогүй, нэр цэвэр залууг МАН нэр дэвшүүлснээрээ нийгмийн дэмжлэг авах бололцоо бүрдэнэ. Тийм учраас УИХ-ын 42 дугаар тойрогт намайг дэвшүүлж өгнө үү” хэмээн хүсэлт гаргасан. Харин гаргасан саналыг маань намын Удирдах зөвлөл хүлээн авч 100 хувь дэмжсэн. Н.Ганбямба дарга нэрээ татаж, залуу, эрч хүчтэй хүн нэр дэвших санал гаргаж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн.
-Таныг айлын бага гэж сонссон юм байна. УИХ-ын гишүүнээр сонгогдоход гэр бүлийнхэн тань танаар бахархсан байх?
-Гэр бүлийнхэн, найз нөхөд маань бүх талаараа тусалж, дэмжсэн. Эхнэр хүүхэдтэй. Аав маань малчин. Харин ээж маань тэтгэвэрт гарсан. Насаараа сум нэгдлийн бага эмч хийсэн хүн. Эцэг, эхээс зургуулаа. Би айлын бага. Ер нь их өнөр өтгөн айл байдаг.
-УИХ-ын гишүүнээр сонгогдоод гурван сар орчим болж байна. Шинээр сонгогдсон гишүүд, тэр дундаа залуу гишүүдийн үгийг үл тоодог, элэг барьдаг зүйл ажиглагддаг. Танд тийм зүйл тохиолдож байв уу?
-Намайг элэг барихгүй байх аа. 2006 онд Үндэсний шилдэг уран илтгэгч болж байлаа. Нэгдүгээр курст байхдаа ”Монголын лектор” төвд багш болж, улстөрчдийн хэлэх үгийг бэлдэж, зааж, зөвлөж, хөгжүүлэх ажил хийдэг байсан. 2008 оноос улс төрийн сонгууль дээр ажилласан. МАН бол харьцангуй ёс зүйтэй нам. Чи хэдэн настай вэ биш улс төрд ямар амжилт гаргасан бэ гэж ярьдаг. Удирдах зөвлөлийн гишүүн бол Удирдах зөвлөлийн гишүүн. Хашиж байгаа албан тушаал, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн байдлаараа л явдаг байх.
-Эрх баригч хүчний гишүүн болохоор үгийг тань үл тоосон байдал гарахгүй байгаа байх. Сөрөг хүчний гишүүн байсан бол өөр байх л даа.
-АН төр барьж чаддагүй юм байна, МАН харин жагсч чаддаггүй юм байна гэж ярьдаг. Түүн шиг АН бол маш сайн сөрөг хүчин ш дээ. Цаашдаа ч тийм байх биз. Сөрөг хүчин сайн ажиллаж байж бодлого зөв гардаг. Сайн сөрөг хүчин байна гэдэгт эргэлзэхгүй байна. Түүнээс гадна ард түмэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ажилласан эрх баригчдад тохирох дүнг нь тавьсан. Эдийн засгийн хямралаас гадна улс төрд ч гэсэн хямрал бий болсон. Нэг нэгнийгээ хавчсан, дарангуйлсан, үл тоосон байдал газар авсан шүү дээ. Энэ бүхнээс харахад МАН ч гэсэн зөв ажиллах ёстой.
-Танай намын Бага хурал хэзээ болох вэ?
-Орон нутгийн сонгуулийн дараа болно.
-Бага хурлаар ямар асуудлуудыг хэлэлцэх бол?
-Ерөнхий нарийн бичгийн даргаа жинхэлнэ. Мөн нарийн бичгийн дарга нараа шинэчилж, солино. Бага хурлын гишүүдээс төрийн албанд очсон бол нам, төр хоёр тусдаа байх ёстой гэсэн логикоор заримыг нь чөлөөлж, томилох ажлууд байгаа.
-Одоо Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгаланг жинхэлнэ гэсэн үг үү?
-Одоогийн байдлаар бодлого тийм байгаа. Гэхдээ орон нутгийн сонгуулийн үр дүн нөлөөлөх байх.
-Орон нутгийн сонгуульд хэр ач холбогдол өгч ажиллаж байгаа вэ?
-Хэд хоногоос аймгуудаар явна. МАН орон нутгийн сонгуульд ялах ёстой. Монгол Улс нэг улс хэрнээ орон нутгийнхан нь толгой мэдэж, түүнээс болж зөрчил, маргаан их гардаг. Үндэсний хэмжээнд явж байгаа бодлогоо унагаадаг. Орон нутгийнхантайгаа ойлголцож чадахгүй бол ажил урагшлахгүй. Тийм учраас ялалт байгуулсан улс төрийн хүчинд бүх эрхийг нь өгөөд, дээрээс нь хариуцлагаа тооцоод явах нь зөв юм. Тэгэхгүй АН орон нутагт ялчихвал дөрвөн жилийн дараа юу гэж тайлбарлах вэ. Ажил яваагүй нь АН, МАН хоёр ойлголцоогүйгээс болсон гэх үү.
-Та эдийн засагч мэргэжилтэй хүн. Төсвийн тодотгол дээр байр сууриа илэрхийлээч?
-Орлогын эх үүсвэр нь тодорхойгүй атлаа зарлага нь тодорхой төсөв батлагдлаа. Дөрвөн их наяд төгрөгийн зардалтай. Тэгсэн хэрнээ Засгийн газраас оруулж ирсэн татвар нэмэх, зардлаа танах зэрэг саналуудыг бүгдийг нь болиулсан. Орлого олох эх үүсвэр нь тодорхойгүй байхад Засгийн газар яаж ажиллах юм бэ. Өр тавих уу, зээл авах уу, том төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөх үү гээд шийдэхэд их амаргүй байдалд орчихоод байна. Засгийн газар сайн ажиллаад, оновчтой шийдвэр гаргаж чадна гэж найдаж байгаа. Гэхдээ зарчмын хувьд бид маш сайн бодох ёстой. Орлого тодорхойгүй, зарлагаа баталсан нь логикийн хувьд маш буруу зүйл ш дээ. Тэгэхээр орлогоо бүрдүүлэх, татварын зөв механизм бий болгох хэрэгтэй. Жишээлбэл, их орлоготой хүмүүсээс илүү татвар авах санал оруулж ирсэн. Энэ байж болох л хувилбар байсан. Ийм зүйлүүдээ цаашид хийж, ажиллах ёстой.
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн тухайд юу хэлэх вэ?
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг сайн гэж дүгнэж байгаа. Ирэх дөрвөн жилийн болон урт хугацааны хөгжлийн том зургуудаа харж боловсруулсан. МАН-ын сонгуульд дэвшүүлж оролцсон мөрийн хөтөлбөрийн 90 хувь орсон байгаа. Тэгэхээр хөгжлийн бодитой зураг гарах болов уу гэж бодож байна.
-Эдийн засаг хүнд байгааг бүгд ярьж байна. Сайжруулах, тогтворжуулах гаргалгаа юу байна вэ?
-Том төслүүдээ хөдөлгөх. Хөрөнгө нь, хөрөнгө оруулагч нь, санхүү нь, санхүүжүүлэгч нь тодорхой, ТЭЗҮ-ээ хийчихсэн маш олон төсөл бэлэн байж байна. Төр зөвшөөрвөл ажил нь эхлэхэд бэлэн. Монголд мөнгө орж ирэх бололцоо байна. Жишээлбэл, Өмнөговь аймагт цахилгаан станцын гурван том төсөл байна. Аль нэг нь л хөдөлнө. Гурвууланг нь хэрэгжүүлнэ гэж байхгүй шүү дээ. Гэтэл нэгийг нь хэрэгжүүлэх гэхээр үлдсэн хоёр нь гацаадаг. Улс төрийн лоббиноос болж. Ерөнхий сайд болон улстөрчдөөс хүсч байгаа ганц зүйл бол, эр зориг гаргаад аль нэгийг нь л хэрэгжүүл. Нөгөө хоёроос нь уучлал гуйгаад, унагаа. Эр зоригтой байх гэж л улстөрч болсон юм байгаа биз дээ. Зоригтойгоор шийдэх гэж л улс төрд орж ирсэн биз дээ. Гэтэл одоо бүгдэд таалагдах гээд ямар ч төслийг хөдөлгөхгүй байна. Тэгсэн атлаа аль нь хэрэгждэггүй. Ийм арчаагүй төр байж болохгүй. Шийдэл гаргадаг төр байх ёстой. Бүх асуудлыг шийдэж чадахгүй гэдгээ бас хүлээн зөвшөөрөх ёстой. Өнгөрсөн дөрвөн жилийг л харчих. Нарийн төмөр зам тавих уу, өргөнийг тавих уу гэж хоёр талд хэрэлдсээр байгаад шийдэж чадаагүй. Аль алинд нь сул, давуу тал байгаа. Бүгдийнх нь сул талыг яриад л шийдээд явах ёстой. Улс төрчид зоригтой, зоримог, шийдэмгий байх ёстой.
-Шийдэл олоод ”Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах гээд л байх шиг байна?
-”Стэнд бай” хөтөлбөрт хамрагдвал тодорхой хэмжээний мөнгө орж ирэх байх. Гэхдээ энэ хөтөлбөрт хамрагдвал зарим зүйлүүд хязгаарлагдмал болно. Жишээлбэл, энэ зардлаа тана, үүнийгээ хас, тэр хөтөлбөрөө хий гээд бидэнд шууд зааж эхэлнэ шүү дээ. Хэрвээ тэгвэл улс төрийн эрсдэлийг нь бид хүлээж чадах уу. Иргэдэд өгч байгаа хавтгайрсан халамжаа бүгдийг нь боль гэнэ ш дээ. Мөнгө өгч байгаа хүмүүс зүгээр орхичихгүй. Харин улс төрийнхний, иргэдийн хүсээгүй зүйлүүдийг хийнэ. Түүнийг нь бид хүлээн аваад хийж чадах уу гэдгээ бодох ёстой. Гэхдээ энэ бол цор ганц гарц биш гэдгээ хүлээн зөвшөөрөөд өөр арга хэрэгжүүлэх бололцоог олох хэрэгтэй.
-
2016 оны 10 сарын 03
Төмөр замын гарман дээр гарч буй осол зөрчлийн тоог бууруулах, урьдчилан сэргийлэх иргэд зорчигчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах, жолооч нарын хариуцлагыг сайжруулах зорилгоор “Төмөр замын гарам-Аюултай бүс” зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 133 төмөр замын гарам байдаг бөгөөд үүний зохицуулалттай гарам -28, дохиололгүй гарам -8 байдаг бол хамгаалалтгүй гарам 9 байдаг байна. Өнөөдрийн байдлаар Төмөр замын гармыг дайран өнгөрдөг нийтийн тээврийн 42 чиглэлийн 365 тээврийн хэрэгсэл нийслэлийн иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа юм. Төмөр замын гармууд дээр гарсан зөрчлийн судалгаанаас харахад 2015 оны зөрчлийн тоо 2016 оны 9 дүгээр сарын байдлаар нэмэгдсэн бөгөөд жолооч нарын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай нь харагдаж байна. Тиймээс тус зөвлөгөөний үр дүнд сая гаран хүн амтай нийслэлчүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж буй жолооч, инженер, техникийн ажилтнуудад зориулан хамтарсан сургалтуудыг удирдах байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар болов. Мөн “Гармын мэдлэгийг дээшлүүлэх олон улсын өдөрлөг”-т нийтийн тээврийн аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцуулж мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, “Гарам-Аюултай бүс” зөвлөгөөнийг жил бүр уламжлан болгон зохион байгуулах, төмөр замын гарам нэвтрэх талаар олон нийтэд мэдээлэл өгөх, хэвлэл мэдээллээр сурталчлах зэрэг ажлыг тогтмолжуулан хамтран ажиллахаар боллоо гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 03
УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Харин одоо УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна. Ардчилсан намын бүлэг А танхимд хуралдаж байгаа бол Монгол Ардын намын бүлэг Б танхимд дөнгөж сая хуралдаж эхэллээ. Хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар саналаа нэгтгэх юм. Тодруулбал, 2017 оны төсвийн төсөл, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл зэргийг хэлэлцэнэ.
-
2016 оны 10 сарын 03
Өнөө маргаашдаа зарим газраар, 4-5-нд ихэнх нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул халтиргаа гулгаа үүсэх, ил задгай хүнсний ногоо хайрагдаж, хөлдөж болзошгүйг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.
2016 оны 10 дугаар сарын 04-нөөс 10 дугаар сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
4-нд ихэнх нутгаар, 5, 6-нд зарим газраар, 7-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орж, салхи 4-нд ихэнх нутгаар, 5-6-нд говь талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.
Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
-
2016 оны 10 сарын 03
БНСУ-ын Чанвон хотод болсон ”Migrant Arirang Multiculturural festival- 2016” олон улсын дуулаачдын 11 дэх удаагийн уралдааны гранпри шагналыг Монгол Улсаа төлөөлөн оролцсон С.Гантогоо хүртлээ.
Тэрбээр тэмцээний эцсийн шатанд 3000 гаруй дуучинтай өрсөлдөж, энэхүү олон улсын фестивалийн 2016 оны ялагч болсон байна.
”Migrant Arirang Multiculturural festival” нь БНСУ-д уран бүтээлээ туурвидаг гадаад дуучид өрсөлддөг, хамгийн том, нэр хүндтэй уралдаан аж.
-
2016 оны 10 сарын 03
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Хүндэт зочид оо,
Монгол Улсын Их Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Их Хурал 2016 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагаагаа эхэлж байна.
Та бид анхдугаар чуулганаар ард түмний сонгуулийн үр дүнг баталгаажуулан Монгол Улсын Засгийн газрыг эмхлэн байгуулсан бол ээлжит бус чуулганаар улс орны санхүү, эдийн засгийн тулгамдаж буй асуудлаар хэд хэдэн чухал шийдвэрийг батлан гаргасан.
Улсын Их Хурлын чуулганы энэ удаагийн завсарлагааны үеэр гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллаж, ард иргэдийнхээ санаа бодлыг сонсон, бодит байдалтай танилцаж, үнэлэлт дүгнэлт хийж ирсэн байгаа. Олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, ард иргэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр улс орны эдийн засаг, санхүүгийн байдлын талаар санал бодлоо илэрхийлсээр байна.
Та бид улстөржилгүйгээр бодит байдалд шударгаар хандаж чадвал бүгд ижил төстэй дүгнэлтэд хүрэх биз ээ. Эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хүнд байна. Эдийн засгийн өсөлт 2012 оноос улирал дараалан буурсаар 2016 онд 0.1-0.6 хувь хүрэхээр байгааг Олон улсын санхүүгийн байгууллагуудаас анхааруулсан. Ажлын байр хомсдож, ажилгүйдлийн түвшин 2009 оноос хойш анх удаа хоёр оронтой тоонд шилжлээ.
Иргэдийн худалдан авах чадвар эрс буурсны зэрэгцээ зарим барааны үнэ унаж, эдийн засагт үнийн өсөлт биш, дефляц бий болсныг мэргэжлийн байгууллагаас зарлалаа. Энэ нь Монгол Улсын эдийн засаг огцом агшиж байгааг илт харуулж байгаа юм. Сангийн яам, Монголбанкны зүгээс мөнгөний болон төсвийн бодлогоор эдийн засгийг идэвхжүүлэх боломж хязгаарлагдмал байгаа нь хэнд ч ойлгомжтой байна.
Ийм нөхцөлд макро эдийн засгийн зохицуулалтаа оновчтой болгон, хувийн хэвшлийг бүх талаар дэмжиж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар эдийн засгийн хүндрэлээс гарах нь чухал юм.
Тамын тогооны үлгэр хэлэлцэхээ хойш тавьж, гацаанд ороод олон жил болж байгаа томоохон төслүүдийг хөдөлгөх цаг нь одоо болсон.
Улстөржсөн хоосон хэрүүл тэмцлээ зогсоож, ажлаа эхлүүл гэдэг үүрэг, даалгаврыг ард түмэн сонгуулиар бидэнд өгсөн. Дөрвөн жил өнгөрсний дараа хийж амжаагүйдээ халаглан, харамсаж суухгүйн тулд хурдтай ажиллах шаардлага УИХ, Засгийн газарт аль алинд нь тавигдаж байна.
Томоохон төслүүдийг байрнаас нь хөдөлгөж, хэрэгжүүлэх тухай саналаа Улсын Их Хуралд оруулан, шуурхай шийдвэрлүүлэх боломж Засгийн газарт нээлттэй байгааг сануулъя. Алдсан цаг хугацаа, алдагдсан боломж эргэж олдохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
УИХ-ын сонгуулиар парламентад нэг нам үнэмлэхүй олонхи болсон. Хяналт тавих боломжгүй боллоо гэж шүүмжлэх өнгө аяс ч сонсогдож байна. УИХ аливаа алдаанаас ангид биш гэдгээ мартаж болохгүй. Анхдугаар чуулганаар бид УИХ-ын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. УИХ-ын бүтцийн байгууллага-Байнгын хороодод цөөнхийн төлөөллийг аль болох хүртээмжтэй оруулах бодлого баримталсан гэдгийг ард түмэн харсан, ойлгосон байх.
Цөөнхийн үгийг тэвчээртэй сонсож, гаргах шийдвэртээ тэдний санал, үндэслэлийг аль болох тусгах нь алдаа гаргахаас сэргийлэх чухал хөшүүрэг мөн. Олонхиороо түрээ барьж, хүчээр асуудлыг шийвэрлэх нь улс оронд ямар хор уршигтайг өнгөрсөн УИХ-ын жишээн дээрээс бид харсан.
Монгол Улсаа хөгжүүлэхэд Ардын намын зам, Ардчилсан намын арга гэж тэс өөр зүйл байх ёсгүй, харин зөвхөн “Зөв арга зам” л байх ёстой гэдэгт итгэлтэй байна. Бидний монголчуудад XXI зууны гараан дээр олон улсын тавцанд улс төр, эдийн засгийн хувьд хөл дээрээ баттай зогсох үүлэн чөлөөний нар шиг ховорхон боломж олдоод байгааг ухамсарлаж, үндэсний ашиг, сонирхлоо тэргүүн зэрэгт тавьж, Монголоо гэсэн чин сэтгэлээр ажиллаасай гэж улстөрчдөөс хүсэж байна.
Бидэнд итгэх хөрөнгө оруулагчдын итгэл сул хэвээр байна. Гадаад хүчин зүйлийн нөлөөллөөс илүү хүнд суртал, дарамт шахалт, хууль зүйн тогтворгүй орчин, үл ойлголцол, нэг цонхны бодлогогүй байдал зэрэг нь хөрөнгө оруулагчдын урмыг хугалах томоохон хүчин зүйл болсоор байна.
Үе үеийн эрх баригчид хөрөнгө оруулалтын орчныг засаж сайжруулахыг эрмэлзэж, тодорхой хүчин чармайлт гаргадаг хэдий ч үр дүн чамлалттай байсаар байна. Төрийн хүнд суртал, үр ашиггүй зохицуулалтыг арилгахад чиглэсэн бодлогын зоримог өөрчлөлт зайлшгүй шаардлагатай болжээ.
Иргэдийн оролцоо хяналт нь төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангахад нэн чухал билээ.
Төр засгаас авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд олон нийтийн хяналтыг бий болгож, бэхжүүлэх асуудлыг анхаарах нь зүйтэй байна.
Албан тушаалтны баталж буй тушаал, шийдвэр, байгууллагын төсөв, санхүүгийн үйл ажиллагаа, хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогод иргэд, олон нийтийн зүгээс хяналт тавих боломж нөхцөлийг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг энэ намрын чуулганааар батлах нь зүйтэй байна.
Зөвхөн сайхан үзэл баримтлалтай хууль хангалтгүй. Харин хуулийг хэрэгжүүлэх механизм, хүний нөөц, хөрөнгө санхүү зэрэг хүчин зүйлүүдээ сайтар тооцон, амьдралын шаардлагаас урган төлжсөн хуулийг УИХ батлан гаргах шаардлагатай байна. Сүүлийн үед батлагдсан хуулиуд Үндсэн хууль зөрчсөн нь Цэцийн шийдвэрээр тогтоогдох нь энгийн үзэгдэл боллоо.
Засгийн газраас оруулж ирж байгаа хуулийн төслүүд шаардлага хангахгүй байгааг нуух хэрэггүй. Тухайлбал саяхан УИХ-аас Засгийн газарт буцаасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхэд анхны болон эцсийн хэлэлцүүлгийн шатанд нийт 536, Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийг хэлэлцүүлэхэд 252 зарчмын зөрүүтэй болон найруулгын санал гарч байсан байна.
Энэ нь Засгийн газраас боловсруулж оруулж ирсэн хуулийн төслийн анхны үзэл баримтлал үндсэндээ байхгүй болсон гэсэн үг юм. Энэ чуулганаар урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг дэмжсэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг хэлэлцэж батална.
Засгийн газар хууль санаачлагчдаас санаачлан хэлэлцүүлэх хуулийн төслүүдийг бодлогын хувьд нэгтгэн, ингэхдээ бодлогын уламжлалыг хадгалах, аль болох тогтвортой байх зарчмыг баримтлахын сацуу шинэчлэлийг нийгмийн харилцааны ямар салбарт түлхүү авч үзэх шаардлагатайг тодорхойлно.
Өргөн мэдүүлсэн, баталсан хуулийн тоогоор ажлаа дүгнүүлж, сонгогчдодоо тайлагнахыг хичээдэг өрөөсгөл ойлголтоос салж, санаачилж батлуулсан хуулиудынх нь нийгмийн амьдралыг зохицуулахад гүйцэтгэсэн үүрэг, бодлогын залгамж байдлыг хэрхэн хангасан болон дэвшил хөгжилд оруулсан бодит хувь нэмэр, үр дүнтэй нь холбон дүгнэдэг арга барилд шилжих цаг болсон.
Намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байгаа 2017 оны төсөв, мөнгө, эдийн засгийн бодлогын шийдвэрүүд дээр УИХ-ын гишүүд бид бүхэн оюун бодлоо уралдуулан, аливаа улстөржилт, субъектив хүчин зүйлээс ангид байж, асуудалд бодитой хандаж шийдвэр гаргахыг улс орны нөхцөл байдал, улс үндэсний эрх ашиг зүй ёсоор шаардаж байна.
Гаргах шийдвэрүүд амаргүй, олон нийтэд тэр бүр таалагдахгүй байж болох хэдий ч дунд, урт хугацаанд өгөөжөө өгч, ирээдүйн хөгжлийн суурийг тавих шийдэл дээр харилцан ойлголцож, нэгдсэн шийдвэрт хүрэхийн төлөө дор бүрнээ хичээн ажиллах учиртай.
Намрын чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэнэ. Мөн Эрүүгийн, Зөрчлийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна.
Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх явцад амьдралд нийцэхгүй асуудлууд гарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Монгол Улсын Их Хурлын, Орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааг нэг хуулиар зохицуулахаар хуульчилсныг дахин авч үзэх, сонгууль тус бүрийн онцлогт тохирсон зохицуулалттай байх хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Сонгуулийн хуулийг өөрчлөн найруулахаар төлөвлөөд байна.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль удахгүй болно. Энэ сонгуульд улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчээ өрсөлдүүлнэ.
Ажлын арвин туршлагатай, мэдлэг боловсролтой, шударга, өндөр ёс суртахуунтай, олондоо танигдаж хүндлэгдсэн хүмүүс сонгогдон ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Сонгуулийг хуулийн дагуу, шударга зохион байгуулах нь Сонгуулийн ерөнхий хороо, бүх шатны сонгуулийн байгууллагын эрхэм үүрэг мөн.
Энэ жил бичин жил. Өвөл хаяанд ирлээ. Өмнө тохиож байсан бичин жилүүдийн хатуухан сорилтыг байнга санаж, өвлийг өнтэй давах бэлтгэлээ сайтар базаах талаар малчин, тариаланчид, орон нутгийн иргэд хүчин чармайлтаа дайчлан ажиллаж байгаад эргэлзэхгүй байна.
Төр, орон нутгийн бүх шатны байгууллагууд энэ чиглэлээр өөрсдөөсөө хамаарах бүхнийг хийж, цаг тухайд нь шуурхай зохицуулалтаар хангах нь нэн чухал гэдгийг сануулъя.
Нийслэлийн иргэдийн хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод удаж байгаа хотын утааны асуудалд Засгийн газар, хотын захиргаа хамтран ажиллаж бодитой үр дүн гаргахыг иргэд хүсэн хүлээсээр байгаа гэдгийг сануулан хэлье.
Эрхэм гишүүд ээ,
Намрын чуулган өмнөө тавьсан зорилтоо амжилттай шийдвэрлэж, улс орны хөгжил дэвшилд түүхэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна.
Чуулганы болон Байнгын хорооны ажиллагаанд идэвхтэй оролцон, үр бүтээлтэй ажиллахыг эрхэм гишүүд та бүхнээс хүсье.
Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье.
-
2016 оны 10 сарын 03
“Элэгний эмийн мэдээлэл үйлчилгээний төв”-ийн нээлттэй хаалганы өдөрлөг энэ өдрүүдэд болж байна.
-
2016 оны 10 сарын 03
Хүйтний улирал эхлэхэд ханиад томуунаас гадна улаанбурхан өвчний тархалт нэмэгддэг. Тиймээс аравдугаар сарын 3-наас зургаан сартай хүүхдүүдэд улаанбурханы вакцин хийхээр болсон юм.
Өмнө нь есөн сартай хүүхдүүдэд нэг тунгаар, хоёр настайд хоёр тунгаар хийдэг байсан бол энэ удаад зургаан сартай хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үүднээс 0 тунгаар хийх аж.
Үүнд нийслэлийн есөн дүүрэг, Орхон, Сэлэнгэ, Дархан-уул, Булган, Хөвсгөл, аймгийн хүүхдүүд хамрагдах юм байна.
Мөн өнгөрсөн жил уг өвчнөөс сэргийлэх вакцин хийлгээгүй оюутан, 35-аас доош насны иргэдийг заавал хамрагдахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.
-
2016 оны 10 сарын 03
Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2016.10.03/ 10 цаг 10 минутад 67 хувийн ирцтэй эхэллээ.
Ээлжит чуулганы нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газрын удирдлагууд, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар болон гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газар, Олон улсын зарим байгууллагын төлөөлөгчид оролцов.
Намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, бидэнд итгэх хөрөнгө оруулагчдын итгэл сул хэвээр байна. Гадаад хүчин зүйлийн нөлөөллөөс илүү хүнд суртал, дарамт шахалт, хууль зүйн тогтворгүй орчин, үл ойлголцол, нэг цонхны бодлогогүй байдал зэрэг нь хөрөнгө оруулагчдын урмыг хугалах томоохон хүчин зүйл болсоор байна. Үе үеийн эрх баригчид хөрөнгө оруулалтын орчныг засаж сайжруулахыг эрмэлзэж, тодорхой хүчин чармайлт гаргадаг хэдий ч үр дүн чамлалттай байсаар байна. Төрийн хүнд суртал, үр ашиггүй зохицуулалтыг арилгахад чиглэсэн бодлогын зоримог өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай болж буйг онцоллоо.
Иргэдийн оролцоо хяналт нь төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангахад нэн чухал билээ.
Төр, засгаас авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд олон нийтийн хяналтыг бий болгож, бэхжүүлэх асуудлыг анхаарах нь зүйтэй байна. Албан тушаалтны баталж буй тушаал, шийдвэр, байгууллагын төсөв, санхүүгийн үйл ажиллагаа, хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогод иргэд, олон нийтийн зүгээс хяналт тавих боломж нөхцөлийг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг энэ намрын чуулганааар батлах нь зүйтэй байна. Зөвхөн сайхан үзэл баримтлалтай хууль хангалтгүй. Харин хуулийг хэрэгжүүлэх механизм, хүний нөөц, хөрөнгө санхүү зэрэг хүчин зүйлүүдээ сайтар тооцон, амьдралын шаардлагаас урган төлжсөн хуулийг УИХ батлан гаргах шаардлагатай байна гэдгийг хэллээ.
Мөн өргөн мэдүүлсэн, баталсан хуулийн тоогоор ажлаа дүгнүүлж, сонгогчдодоо тайлагнахыг хичээдэг өрөөсгөл ойлголтоос салж, санаачилж батлуулсан хуулиудынх нь нийгмийн амьдралыг зохицуулахад гүйцэтгэсэн үүрэг, бодлогын залгамж байдлыг хэрхэн хангасан болон дэвшил хөгжилд оруулсан бодит хувь нэмэр, үр дүнтэй нь холбон дүгнэдэг арга барилд шилжих цаг болсныг онцлов.
Түүнчлэн намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байгаа 2017 оны төсөв, мөнгө, эдийн засгийн бодлогын шийдвэрүүд дээр УИХ-ын гишүүд оюун бодлоо уралдуулан, аливаа улстөржилт, субьектив хүчин зүйлээс ангид байж, асуудалд бодитой хандаж шийдвэр гаргахыг улс орны нөхцөл байдал, улс үндэсний эрх ашиг зүй ёсоор шаардаж байна. Гаргах шийдвэрүүд амаргүй, олон нийтэд тэр бүр таалагдахгүй байж болох хэдий ч дунд, урт хугацаанд өгөөжөө өгч, ирээдүйн хөгжлийн суурийг тавих шийдэл дээр харилцан ойлголцож, нэгдсэн шийдвэрт хүрэхийн төлөө дор бүрнээ хичээн ажиллах учиртайг санууллаа.
Улсын Их Хурлын дарга намрын ээлжит чуулганыг нээсний дараа хөгжимд Төрийн дуулал эгшиглэж, Улсын Их Хурлын гишүүд, зочид төлөөлөгчид босч хүндэтгэв.
Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 46 дугаар тогтоолын үндэслэн Улсын Их Хурлын дарга 2016 оны 09 дүгээр сарын 26-н ы өдөр “Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” захирамж гаргасан юм. Уг зарирамжид заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр дараалал тогтоосон. Үүнд:
1/Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл;
2/Хүний хөгжил сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл;
3/Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл;
4/“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
5/“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
6/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл;
7/Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл;
8/Прокурорын байгууллагын тухай хуулийн төсөл;
9/Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл;
10/Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл;
11/Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
12/Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
13/Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл;
14/“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
15/Сонгуулийн тухай хуулийн төсөл;
16/Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
17/Ач санах тухай хуулийн төсөл;
18/Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
19/Боловсролын зээлийн сангийн тухай хуулийн төсөл;
20/Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
Мөн уг захирамжид зааснааас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон намрын ээлжит чуулганы явцад хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоосон хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2016 оны 10 сарын 03
МУГТ, олимпийн мөнгө, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Д.Сумъяагийн нэрэмжит ”Аваргын гараа” жудо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд спортын ордонд амжилттай зохион байгуулагдаж байна. Уг тэмцээнд 23 багийн 401 тамирчин оролцлоо.
-
2016 оны 10 сарын 03
УИХ-ын 2016 оны ээлжит намрын чуулганы нээлт өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы нээлтийн үйл ажиллагаанд оролцсон юм.
Монгол Улсын Yндсэн Хуулийн 33 дугаар зvйлийн 3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож болно” хэмээн заасан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч үндсэн бүрэн эрхийнхээ дагуу чуулганы нээлт болон бусад хуралдаанд тааллаараа оролцдог тул ийнхүү намрын чуулганы нээлтийн ажиллагаанд оролцлоо.
-
2016 оны 10 сарын 03
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/k7jrVsR9Tw0” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2016 оны 10 сарын 03
Өнгөрсөн баасан гарагт буюу есдүгээр сарын 30-ны өдөр Багануур дуургийн IV хороонд оршин суух иргэн Б-гийн гэр шатаж байна гэх дуудлага Онцгой байдлын хэлтэс иржээ.
-
2016 оны 10 сарын 03
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/690 дүгээр захирамжаар нийслэлийн хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах Зөвлөл байгуулж, ажиллах журмыг баталлаа.
Зөвлөл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах замаар хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэгтэй ажиллах юм.
Нийслэлийн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх даргалаж, гишүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга, Улаанбаатар хотын xөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч (тохиролцсоноор) болон аж ахуй нэгжийн төлөөллүүд багтжээ. Зөвлөлийн ажиллах журмыг хавсралт хэсгээс татаж үзнэ үү гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 03
Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж Чех улсын Прага хотноо зохион байгуулагдсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засаг, байгаль орчны 24 дэх удаагийн чуулга уулзалтад оролцжээ. Чуулга уулзалтад 55 улс орны 180 гаруй төлөөлөгч оролцсон байна.
-
2016 оны 10 сарын 03
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр ардчилсан хувьсгалын лидерүүдийн нэг агсан С.Зоригийн дурсгалыг хүндэтгэн хөшөөнд нь цэцэг өргөв.
Өдгөөгөөс 18 жилийн өмнө, 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнө УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг бусдын гарт амь үрэгдсэн билээ. Түүний хөшөөнд цэцэг өргөх ёслолд төрөл төрөгсөд, журмын нөхдийнх нь төлөөлөл оролцов.
Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү
-
2016 оны 10 сарын 03
амрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Энэ удаагийн чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад 20 гаруй хууль тогтоолын төсөл багтсан. Эдгээрээс хамгийн чухал нь 2017 оны улсын төсөв, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл, мөнгөний бодлогын тухай хуулийн төсөл болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслүүд байгаа юм. Эдийн засгийн хүндрэлээс гарах бодлого боловсруулах гээд энэ намрын чуулганаас хүлээх зүйл олон байна. Олонхийн бүлгийн 65 гишүүн парламентаар хэлэлцэгдэх хуулийн төслүүдийг гацаж, түгжилгүй хэлэлцэх давуу талтай. Нөгөөтэйгүүр сөрөг хүчин гэгдэх АН болон бие даагчид нийлсэн 10 гишүүн байр сууриа хамгаалах хүч дутаж, нэг намын бодлого давамгайлах сөрөг талтай. Тиймээс ард түмэн бид эрх баригчдын гаргаж буй шийдвэрт хяналт тавьж бурууд нь хаалт болж өгөх ёстой юм.
-
2016 оны 10 сарын 03
Улаанбаатар хотын төвд урсдаг Туул, Сэлбэ, /Дунд гол/-ын цэвэрлэгээ байгаль хамгаалах “Цэвэр орчин цэнгэг ус” намрын нэг сарын аяныг өнөөдөр эхлүүллээ. Уг аяныг БОАЖЯ, НЗДТГ, Туул голын сав газрын захиргаа, УСУГ, Мобиком корпораци, Гандантэгчинлэн хийд, Жүр үр, Сэрүүлэг дээд сургууль, АПУ компани, Хүүхдийн ордон зэрэг төр болон хувийн хэвшлийн хамтарсан 10 гаруй байгууллага оролцсон томоохон бүтэцтэйгээр зохион байгуулж байгаа юм. Аяны нээлтэд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан оролцлоо. Тэрээр “Өнөөдөр бид агаар, ус, хөрс нь цэвэр байгаль дэлхийд амьдрах учиртай. Гэтэл өнөөдрийн манай нийслэлд энэ гурван зүйл тулгамдаад байгаа томоохон асуудлуудын нэгд орсоор байна. Хүйтэн сэрүүний улирал хаяанд ирсэн энэ мөчид Улаанбаатар хотынхоо ундны эх үүсвэр болсон Туул голоо хогноос нь салгах том үйлсэд оролцож байгаа бүх төр болон хувийн хэвшлийн удирдлага, албан хаагч, ажилчиддаа баярлалаа. Бид энэ нэг сарын аяныг нэг удаа зохион байгуулаад зогсохгүй улам эрчимжүүлж цаашид уламжлал болгон хийнэ. Нийслэлийнхээ иргэдэд бид өөрсдөө хогоо хаяхгүй бусдаар хогоо цэвэрлүүлэхгүй байх, сайхан орчин бүрдүүлэхийн тулд хамтран ажиллахыг уриалж байна.” гэлээ. Цэвэрлэгээ хийх нийт 50 км газрыг дөрвөн хэсэгт хувааж, оролцох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажилчин, албан хаагчдыг хуваарилан ажиллуулахаар болжээ. Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл нийт 19 км, Сэлбэ гол (100 айлын гүүрнээс Туул голд цутгах хүртэл) 13км, Зайсангийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэл (Туул голын хойд эргийн дагуу) 11км, Улиастайн уулзвараас Гачуурт хүртэл (Голын хойд хэсэг буюу Төвийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс) 7 км газрууд багтсан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 03
ОХУ-ын Якутск хотноо ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний дурсгалд зориулсан IХ дэх удаагийн чөлөөт бөхийн уламжлалт “Гран-При” олон улсын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
-
2016 оны 10 сарын 03
Төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогын хүрээнд донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор өчигдрөөс эхлэн сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгохоор шийдвэрлэсэн билээ.
Сар бүрийн 3-ны өдрийг сонгож цусаа бэлэглэх өдөр болгосон нь бас учиртай ажээ. Нэг хүний бэлэглэсэн цуснаас гурван төрлийн бүтээгдэхүүн бэлтгэж, гурван хүний амь нас авардаг учир ийн шийдвэрлэжээ.
Тэгвэл энэ хүрээнд өнөөдөр цусаа бэлэглэсэн хүмүүст “U money” картыг үнэгүй тараах аж. Уг компани өнгөрсөн жил цусаа бэлэглэсэн эхний 200 донорт U Money картыг үнэгүй тарааж байсан. Энэ удаад хязгаар тогтоогоогүй бөгөөд цусаа хандивласан бүхэнд караа бэлэглэх аж.
Дашрамд дуулгахад, цус сэлбэлт судлалын үндэсний төвд 2014 онд нийт 18875 донор цусаа бэлэглэсэн нь 2010 онтой харьцуулахад 4030 донороор буюу 1,4 дахин өссөн үзүүлэлт юм байна.