-
2017 оны 2 сарын 06
Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогын татвараас чөлөөлөгдөнө.
Харин хөнгөлөлт эдлэх эрхтэй иргэд тухайн жилд төлсөн татварын хэмжээнээс хамаараад гурван сая хүртэл төгрөг авах юм. Үүний тулд та шаардлагатай материалуудаа бүрдүүлэн харьяа дүүргийнхээ татварын хэлтэст өгч, цахимаар тайлангаа явуулна. Татварын хөнгөлөлтийн материалыг хоёрдугаар сарын 15-ныг хүртэл хүлээн авах юм. Бүрдүүлсэн материалаа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбаруудад харьяалал харгалзахгүй өгч болно.
-
2017 оны 2 сарын 06
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар нийслэлийн Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн зөвлөгөөн нийт 11 үүрэг даалгавар өгөгдсөн байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VII хуралдаанаар “Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө батлах тухай” 07/01 дүгээр тогтоолыг баталсан. Тогтоолын дагуу байгууллага бүр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, нийслэлийн дэд хөтөлбөр, Утаагүй хот төслүүдийг боловсруулан ажиллаж байна. Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүссэн нөхцөл байдлын талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гарган гамшигт өртсөн айл өрхүүдийн нүүлгэх ажлын төлөвлөгөөний саналыг боловсруулж дээд шатны байгууллагад танилцуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Улсын онцгой обьект болох Амгалан дулаан станц руу ус орохоос урьдчилан сэргийлж Амгалан дулааны станцын хойд талд 4 м урттай, 2м өндөртэй, 2м өргөнтэй шороон далан босгож хамгаалалт хийсэн. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газраас энэ сарын 2-ны өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг өндөр чадамж, бүтээлч хандлагатай залуу боловсон хүчнээр сэлбэн бэхжүүлэх, төрийн албанд орох боломжийг нээх, Нийслэл хотын хөгжил, бүтээн байгуулалтад тэднийг татан оролцуулах зорилгоор Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажлын байрны “Нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгууллагдсан. Өдөрлөгт Нийслэлийн нутгийн захиргааны 22 байгууллага, үйл ажиллагаагаа танилцуулсан бөгөөд www.ulaanbaatar.mn цахим хуудсанд 1520 иргэн мэдээллээ бүртгүүллээд байна” гэв.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд “Өнгөрсөн 14 хоногт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 14393 мэдээ, мэдээлэл хүлээн авсныг өмнөх 14 хоногтой харьцуулахад 39 нэгж буюу 0.3 хувиар өсөж, 2542 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь -79 нэгж буюу 3.0 хувиар буурсан үзүүлэлттэй байна. “Сар шинэ” арга хэмжээний хүрээнд эргүүлийн хүн, хүчийг хүч нэмэгдүүлэн зохион байгуулан өдөрт 307 чиглэлд 619 алба хаагч үүрэг гүйцэтгэж, 7 хоногийн хугацаанд 39 гэмт хэргийг илрүүлж, 5 гэмт хэргийг үйлдэл дээр нь таслан зогсоож ажилласан. Эргүүлийн хүн, хүчийг нэмэгдүүлж ажилласан 7 хоногт ирүүлсэн дуудлага мэдээлэл өмнөх оны мөн үеэс 49.4 хувиар, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 43.3 хувиар тус тус буурсан үзүүлэлтэй байна” гэлээ.
“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3311 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй127, зөрчлийн шинжтэй 11556 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 112 ослыг материалжуулан шалгаж байна. “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд өдөр бүр 74-100 цэгт, нэг ээлжинд 95-112 алба хаагч 56 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж, нийт 20500 зөрчил илрүүлснээс согтуугээр тээврийн хэрэгсэл жолоодсон 59, бусад 20441 зөрчил гаргасан хүнд 429.7 сая төгрөгийн торгуулийг бэлэн бус хэлбэрээр оногдуулж ажиллалаа” гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд хэллээ.
НОБГ-ын дарга, Онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр “Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зам даваа боогдох, халтиргаа гулгаатай холбоотой ослын дуудлага тус газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101, 105 тусгай дугаарт бүртгэгдээгүй байна. Цаашид цаг агаарын нөхцлийн тойм мэдээгээр ойрын 5 хоногт Улаанбаатар хот орчмоор бага зэргийн цас орж өдөртөө -13-15 хэм, шөнөдөө -24-28 хэм хүйтэн байх төлөвтэй байна. Налайх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэр “Дархан ноёны худаг” гэдэг газарт хонь цэцэг өвчний сэжигтэй тохиолдол илэрч Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” А/26 захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. Голомтын бүсэд байгаа нийт 1762 хонинд үзлэг тандалт хийхэд 173 хонинд цэцэг өвчиний шинж тэмдэг илэрсэн бөгөөд 341 хонийг вакцинжуулан, өвчтэй 68 хонь, ЗХ-ний 337-р ангийн хашаанд байгаа 17 зээрийг устган ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын А/50 дугаар захирамжийн дагуу 8 дүүрэгт вакцинжуулалтын ажлыг эхлүүлэн 26.4 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна” гэв.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “НИТХ-ын 07/01 тогтоолоор “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар, орчны бохирдлыг бууруулах талаар авах арга хэмжээний тусгай төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхээр тус газраас 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлөвлөгөө батлан 17 бүлэг 45 ажил тусган хэрэгжүүлж байна. Нийслэл дэх томоохон худалдааны төвүүдэд стандартын шаардлага хангасан зуухнаас бусад ахуйн зуух худалдахыг хориглох тухай 02-01/416 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Нийслэлийн Засаг даргын A/19 дугаар захирамжийн хэрэгжилтийн хүрээнд дугуй засвар, гутал засвар, ТҮЦ, павильон, харуулын байруудад хаягдал шатааж буй эсэхэд хяналт тавин байгаль орчны хяналтын 12 улсын байцаагч 12 ажлын хэсэгт ажиллаж байна” гэлээ.
Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөөг нарийвчлан гаргаж байгаа. Энэ хүрээнд нийслэл, дүүрэг, харьяа байгууллагууд тухайлсан ажил үүргээ сайн хийж гүйцэтгэх хэрэгтэй. Засаг даргын гаргасан 3 захирамжийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өглөө гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 06
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагтай боллоо. 14 хоног тутамд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”, “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт болон дүүргүүдэд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн тухай иргэдэд ил тод мэдээлж, тайлагнах юм.
Ингэснээр шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, мэдээллийн ил тод байдлыг ханган, төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийг хотын дарга онцоллоо. Ялангуяа төрийн ажлын уялдаа холбоог сайжруулж, дүүргийн мэдээллийн урсгалыг цэгцтэй болгох зорилгоор өнөөдрөөс эхлэн дүүргийн удирдлагууд Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийж эхэлж байна.
Хуваарийн дагуу өнөөдөр нийслэлийн наран ургах зүг Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотоос 130 км зайд Хэрлэн голын сав газарт орших уул уурхай, дэд бүтэц хөгжсөн тус дүүргийн өнөөгийн байдал болоод хийж хэрэгжүүлж буй ажлын талаар тэрбээр мэдээлэл өгөв.
Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир хэлэхдээ “Багануур дүүрэг 62.2 мянган га газар нутаг, 29 мянга орчим хүн амтай. Нийслэлийн төвийн бүсийн 1 дүүрэг, зүүн бүсийн 4 аймаг, 50 гаруй сумыг эрчим хүчээр хангадаг Багануурын зүүн бүсийн Цахилгаан түгээх сүлжээ, Багануурын уурхайн 1100 гаруй ажилчин 38 жилийн түүхэнд Улаанбаатар хотыг түлш, эрчим хүчээр хангах үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн. 2008 оноос хойш өнгөрсөн хугацаанд бид дүүрэг, орон нутгийн 2016 онд батлагдсан хөрөнгө оруулалтын ажлуудыг тухайн онд нь багтаан хийхэд анхаарч ажиллаж ирлээ. 2017 он эдийн засгийн хувьд хүнд байгаа учраас батлагдсан төсөв мөнгөндөө багтааж, хөрөнгө оруулалтын ажлаа тасралтгүй явуулах нь чухал байна.
2016 онд Багануур дүүрэгт орон нутгийн хөгжлийн сангаас 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэх байсан. Ажлын гүйцэтгэл 30 гаруй хувьтай явагдаж байсан бол 8-10 сар буюу бүтээн байгуулалтын ажил ид өрнөдөг 2 сарын хугацаанд 70-80 хувьтай хийж гүйцэтгэсэн” гэлээ.
Тэрбээр цааш хэлэхдээ “Манай дүүрэг улсын төсөвт 2.9 тэрбум, нийслэлийн төсөвт 6.8 тэрбум, дүүрэгтээ 1 тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Уг орлогын төлөвлөгөөгөө 100 хувь давуулан биелүүлсэн. Мөн газрын төлбөрөөс 500 гаруй сая төгрөгийг Нийслэлийн газрын албанд төвлөрүүлдэг. Төлөвлөгөөгөө ч давуулан билүүллээ” хэмээн мэдээлсэн юм.
Багануур дүүрэгт сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт 96 хувьтай байна. 9 цэцэрлэгт хүүхдүүдээ 100 хувь хамруулах ч боломжтойг дүүргийн Засаг дарга хэллээ. Мөн ерөнхий боловсролын 3 цогцолбор сургуульд 5400 хүүхэд 32 хүүхдийн анги дүүргэлттэйгээр суралцаж байгаа аж.
Дүүргийн зүгээс 2017 оныг “Төрийн албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарласан байна. Энэ онд Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулахаар төлөвлөжээ.
14 хоногийн дараа “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагаар Багахангай дүүргийн удирдлагууд оролцож, мэдээлэл өгөх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 06
Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст 2017 онд Англи улсад үйлдвэрлэгдсэн, 8 сая төгрөгийн үнэ бүхий “KANE” маркийн “Тээврийн хэрэгслийн утааны найрлага дахь хорт бодисыг хэмжих зөөврийн багаж”-ыг хүлээлгэн өглөө. Алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулж, автотээврийн ашиглалтаас агаар орчинд хаягдаж байгаа агаар бохирдуулах бодисын хэмжээг хэмжих, багасгах зорилгоор энэхүү төхөөрөмжийг өгчээ.
Тус багаж нь тээврийн хэрэгслийн яндангаас гарах хорт утааны найрлага, тортогжилт, утаан дах хорт бодисыг хэмжих юм.
-
2017 оны 2 сарын 06
Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний хэт их ачаалал үүсэхээс урьдчилан сэргийлж амралтын өдрүүдээр дугаарын хязгаарлалт хийгдэнэ.
Тодруулбал, 2017 оны 2 дугаар сарын 11, 2 дугаар сарын 18-ны “БЯМБА” гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, 2 дугаар сарын 12, 2 дугаар сарын 19-ний “НЯМ” гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох зохион байгуулалтын арга хэмжээг авлаа.
Жич: Автомашины улсын дугаараар хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр САППОРО төвийн уулзвараас ТАВАН ШАРЫН уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана.
-
2017 оны 2 сарын 06
Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд “Хүүхдийн түлэгдэлт-эцэг эхийн хариуцлагаас” сэдэвт сарын аяныг эхлүүллээ. Бага насны хүүхдийг түлэгдэлтийн аюулаас сэргийлэх, эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд аяны зорилго оршино. Аяны хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны хамтарсан багийн гишүүд болон, хэсгийн ахлагч тус дүүргийн иргэдэд бага насны хүүхдийг түлэгдэлтээс хэрхэн хамгаалах, эцэг, эхчүүд үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх шаардлагатай талаар холбогдох байгууллагын мэргэжилтнүүд сургалт явуулж, мэдээлэл өгч эхлээд байна гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 06
Баянгол дүүрэг дэх “Петровис”-ийн салбаруудаар шатахууны үнэ 50-100 төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, АИ92-1630, ДТ-1720, 95-1820, 98-1920, 80-1480 төгрөг болсон байна.
-
2017 оны 2 сарын 06
Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар 2017 оны 02 дугаар сарын 01-ны өглөө 09:00 цагт эхэлж, 2017 оны 4 дүгээр сарын 14-ны орой 18:00 цагт дуусна.
Online бүртгэл www.eec.mn цахим хуудсаар явагдана. Элсэгчид Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг тогтоох,сайжруулах зорилготойгоор монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө. МХБШ-ыг нэг удаа авах бөгөөд босго оноогүй байна.
Шалгалтад бүртгүүлэхдээ:
• Цахим үнэмлэх
• Чээж зураг
• Интернет гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон Paycode БҮТ-ийн дотоод төлбөрийн хэрэгсэл
• И-мэйл хаяг Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаас бүртгүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг онлайн бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалт өгнө.
Хэрвээ хувийн мэдээлэл алдаатай буюу регистрийн дугаараа буруу оруулсан тохиолдолд өөрийн сургуулийн сургалтын менежер болон ангийн багшаараа дамжуулан БСШУСЯ-ны esis.edu.mn боловсролын салбарын мэдээллийн системд засуулах шаардлагатай.
МХБШ бүртгэлийн хураамжгүй харин ЭЕШ-ын хураамж шалгалт бүрд 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn вэб сайтын “шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно.
ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврууд нэмж орно.
Монгол хэлний тухай хуулийн 7.4–д заасны дагуу ЭЕШ-ын Монгол хэлний шалгалтын даалгаврын 4/1- ээс доошгүй хувь нь монгол бичгийн даалгавар байна.
Хариултын хуудсыг бөглөхдөө хар болон цэнхэр өнгийн үзгэн балаар бөглөх болсон. Хариултын хуудасны загварыг манай www.eec.mn хаягаас татаж авч дадлага хийх боломжтой.
Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудасыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2017 оны 05 сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авна.
Шалгалтад орохдоо шалгуулагчид дараах материалыг бүрдүүлсэн байна.
Үүнд:
- Бүртгэлийн хуудас
- Суудлын хуваарь
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
- Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг
ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш 7 хоногийн дараа www.eec.mn вэб сайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлнэ.
ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn вэб сайтад байршуулан нийтэд зарлана.
Тухайн шалгуулагчийн Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог батламжилсан батламж хуудсыг тусад нь шалгуулагч бүрд өгнө. Энэ батламж хуудас нь 2,5 жилийн хугацаанд хүчинтэй байна.
Шалгалтын бүртгэл болон зохион байгуулалттай холбоотой асуудлаар БҮТ-ийн мэргэжилтнүүд нийслэлийн бүх ЕБС-ууд, зарим аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж заавар зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн БҮТ үйл ажиллагаандаа БҮТ-ийн лавлах CALL CENTER үйлчилгээг нэвтрүүллээ.
Лавлах утас: 75779498
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
-
2017 оны 2 сарын 06
Өнөөдөр 09.30 цагийн байдлаар МҮОНТелевиз орчимд агаарын чанарын индекс маш их бохирдолтой буюу 1184, Толгойт орчимд маш их бохирдолтой буюу 558, Бөхийн өргөө орчимд их бохирдолтой буюу 410 хүрчээ.
Агаарын чанарын индексийн хэвийн хэмжээ 51-100 үзүүлэлттэй байдаг бөгөөд 501-ээс дээш тохиолдолд маш их бохирдолтой гэж үздэг ба энэ нь удаан хугацаагаар гадаа байхад эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
-
2017 оны 2 сарын 06
Авлигатай тэмцэх газар Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг холбогдох хуульд заасны дагуу хянан шалгаж, томилох эрх бүхий байгууллагад мэдэгддэг. Уг ажлын хүрээнд 2015-2016 оны хооронд ирүүлсэн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэгт тус газрын Судалгаа шинжилгээний албанаас дүн шинжилгээ хийжээ.
Дүн шинжилгээнд 2015 онд 7893 мэдүүлэг хүлээн авсан бол 2016 онд 11840мэдүүлэг хүлээн авсан буюу урьд оныхоос нэмэгдсэн дүнтэй гарсан байна.
Зураг 1. 2015-2016 оны ХАСУМ ирүүлсэн байдал
2015 оны 1 дүгээр сард ирүүлсэн мэдүүлгийн тоо харьцангуй өндөр байгаа нь 2014 оны 12 дугаар сард Шийдлийн Засгийн газар байгуулагдсан үетэй холбогдож байгаа бөгөөд 2015 оны 06 дугаар сард Цагдаагийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагаас ирүүлсэн мэдүүлгийн тоо нийт дүнд нөлөөлсөн хэмээн үзжээ.
Харин 2016 оны 5 дугаар сард ирүүлсэн мэдүүлгийн тоо өндөр байгаа нь УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн өмнөх үетэй давхцаж байгаа бол сонгуулийн үр дүнгээр шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш буюу 2016 оны 8 дугаар сараас мэдүүлгийн тоо өссөн байна.
Мэдүүлгийг хянуулахаар ирүүлсэн шалтгаан нөхцөлийг авч үзвэл 2016 онд албан тушаалын ангилал, зэрэглэл дэвшсэн 4050, шилжин томилогдсон 3758, нийтийн албанд шинээр томилогдсон 1895, эрхлэх асуудлын чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбоотой шалтгаанаар 1134 мэдүүлэг ирүүлжээ.
Зураг 2. Мэдүүлгийг хянуулахаар ирүүлсэн шалтгаан 2015-2016 оны харьцуулсан байдал
Нийтийн албан томилогдохоор мэдүүлгээ хянуулсан иргэдийг төрсөн оноор нь авч үзвэл 1941-1996 оны хоорондох хугацаанд хамаарч байгаа бөгөөд үүнээс 1982 онд төрсөн 827, 1986 оны 783, 1980 оны 780, 1987 оны 773, 1985 оны 760 иргэн байгаа нь хамгийн өндөр дүнтэй байна.
Зураг 3. Мэдүүлэг гаргагч, төрсөн оноор (хамгийн олон мэдүүлэг ирүүлсэн 5 он)
Зураг 4. Мэдүүлэг гаргагчдын тоо, төрсөн оноор 2015-2016
Зураг 5. Хянан үзэж хариу хүргүүлсэн байдал
Зураг 6. Хянан үзэж хариу хүргүүлсэн байдал
-
2017 оны 2 сарын 06
2017 оны 02 дугаар сарын 05-ны 20 цагаас 02 дугаар сарын 06-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор болон Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар 18-23 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 хэм, бусад хэсгээр 18-20 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.
2017 оны 02 дугаар сарын 07-ноос 02 дугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
7-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 8-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 7-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 25-30 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. 9-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
-
2017 оны 2 сарын 05
Зарим эцэг, эхчүүд туршлага болон мэдээлэл багатай байдгийн улмаас хүүхдээ төрсөн цагаас нь эхлээд гэртээ байх үедээ тосч сургахыг хичээдэг. Гэтэл энэ нь хүүхдийн дөнгөж хөгжиж буй нурууны булчинд маш муугаар нөлөөлдөг. Олон улсын стандартад тосч шээлгэх гэдэг зүйл байхгүй бөгөөд хүүхэд өөрөө хөтөвч дээр суугаад шээж сурах хүртэл живхтэй байлгахыг зөвлөдөг.
Хэрвээ танай гэр бүл хүүхдээ тосч шээлгэхийг хүсч байвал нурууны булчин хөгжиж, өөрийнхөө биеийг даагаад сууж сурах хүртэл буюу 7-8 сар хүрэх хүртэл тосохгүй байхыг зөвлөж байна. Одоогоор мөгөөрс төдийхөн байдаг хүүхдийнхээ нурууг гэмтээж, муруй хөгжихөөс сэргийлээрэй, ээжүүд ээ!
-
2017 оны 2 сарын 05
Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-ын “UB Resort” цанын баазад “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадам, цасны баяр боллоо. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн захирагчийн ажлын алба, нийслэлийн харьяа газар, агентлаг, дүүрэг, улсын үйлдвэрийн газруудын удирдлага, албан хаагчид болон Улаанбаатар хотын иргэд цасны баярт оролцсон юм. Хотын удирдлагууд нээлтийн үг хэлж, Олимпийн наадмын мөнгөн медальт, МУГТ Д.Сумьяа наадмын бамбарыг асааснаар “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадам эхэллээ.
Зуны улиралд үндэсний их баяр наадмаар иргэдийн хөлд дарагддаг хүй мандлын дэвжээ өнөөдөр цасны баяраа тэмдэглэсэн иргэдийн хөл ихтэй өнжсөн юм. Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-т өвлийн спорт, аялал жуулчлалыг хөгжүүлж, иргэд, хүүхэд залуусэрүүл агаарт бие бялдраа хөгжүүлэх, спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “UB Resort” цанын баазыг байгуулсан билээ.
“Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадам, цасны баярын нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “Улаанбаатар хот бол сэрүүн бүсийн хот. Бид Улаанбаатар хотод өвлийн спортыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Зөвхөн зуны улиралд хүй долоон худагт наадам хийж цуглардаг биш жилийн 4 улиралд цуглаж, эрүүл агаар амьсгалж, үндэсний болон өвлийн спортыг хөгжүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байгаа юм. Өнөөдөр нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдаас гадна нийслэлийн иргэд, хүүхэд залуус хүрэлцэн ирсэн байна. Та бүхнийг нэг өдөр сайхан амарч, баярлахыг хүсье.” гэлээ.
“Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадамд зориулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа газар, агентлаг, оролцогч байгууллагууд цас мөсөөр бүтээл урлаж, мөсөн хотхон байгуулж, шилдэг бүтээлийг шалгарууллаа.
Мөн наадам зохион байгуулах ажлын хэсгийн зүгээс болон байгууллагууд олон олон уралдаан тэмцээн зохион байгуулж, нэг өдрийг эрүүл агаарт хөгжилдөж өнгөрүүллээ. Иргэд мөн “UB Resort” цанын баазад цана, чарга, тэшүүрээр гулгаж, морин чаргаар аяласнаас гадна цаа буга, шонхор зэрэг амьтадтай зургаа авахуулж байсан юм.
Нээлтийн үеэр нийслэлийн 2016 оны шилдэг 5 спорт багт хотын удирдлагууд шагнал гардууллаа. Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дэргэдэх биеийн тамирын баг, Нийслэлийн Архивын газрын биеийн тамирын баг, Нийслэлийн Онцгой байдлын газрын биеийн тамирын баг, Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дэргэдэх биеийн тамирын баг, ахлагчтай Нийслэлийн Зураг төслийн газрын биеийн тамирын баг тус тус 2016 оны шилдэгээр шалгарч, шагналаа гардлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 05
Монгол Базальт компанийн зөвлөх инженер Ч.Пүрэвбанзрагчийн зохион бүтээсэн шүүлтүүртэй салхивч: Агаарын бохирдолын голомтонд амьдарч байгаа айл, байрныхаа салхивчийн оронд машины агаар шүүгчийг гадна талд нь, дотор талд нь 220 вольтоор ажиллах жижиг сэнс тавиад бүтүүмжлэн суулгаж бохир агаарыг шүүхэд бүх хорт тоосонцор, угаарын үнэр шүүгдэж өрөөнд цэвэр агаар сэлгэх боломжтойг туршилтаар тогтоосон байна. Хөвөн мяндсан шүүлтүүрээ бохирдлоос нь хамаарч сольж байх юм.
-
2017 оны 2 сарын 05
Сунаж мөргөхөд сэтгэл ариусч, бие эрүүлждэг болохыг эрдэмтэн судлаачид нэгэнт тогтоожээ. Учир нь, сунаж мөргөхөд хүний биеийн бүхий л булчин идэвхтэй ажилладаг тул гимнастикийн 200 гаруй хөдөлгөөн хийсэнтэй дүйдэг гэнэ. Мөн биеийн галбирыг сайхан болгож, цусны эргэлт сайжруулан, хуян, шар усыг тараадгийг нотолсон байна.
Тиймээс орчин үед эмч нар өдөрт 108 удаа сунаж мөргөхийг зөвлөх болжээ. Жингээ хасаж, гоолиг биетэй болохыг хүсэгчдэд энэ арга хамгийн тохиромжтой аж. Дундаж хурдаар 108 удаа сунаж мөргөхөд 15-20 минут зарцуулдаг бөгөөд өглөө, өдөрт хоёр удаа хийж заншвал сайн гэнэ.
-
2017 оны 2 сарын 05
Байр шинээр авах гэж буй иргэддээ зориулсан “Орон сууцны хямдрал, урамшуулалт өдөрлөг” маргааш 11:00 цагт нээгдэх гэж байна. Мишээл барилгын их дэлгүүр дэх Орон сууцны биржид тогтмол зохион байгуулагддаг уг өдөрлөг 2017 оны 2-р сарын 3-наас 5-ны өдрүүдэд үргэлжлэх юм.
Улаанбаатар хотод хэрэгжиж буй 80 гаруй төслийг иргэдэд танилцуулах уг өдөрлөг нь байр авах худалдан авагчид болоод орон сууцны борлуулагчдыг холбох гүүр нь болж, уян хатан нөхцөлөөр харилцан тохиролцож, худалдаа хийх боломжийг нь олгодгоороо чухал онцлогтой.
Өдөрлөгт хүрэлцэн ирснээр та бүхэн борлуулагч компанийн ажилтантай биечлэн уулзаж, ипотекийн найман хувийн зээлд хамрагдах, компанийн зээлд хамрагдах боломжийн талаар мэдээлэл авахын зэрэгцээ цагаан сард зориулсан онцгой хөнгөлөлтийг эдлэн байраа худалдаж авч болно.
Түүнчлэн арилжааны банкуудын ажилтнууд орон сууцны зээлийн бүтээгдэхүүн болон ипотекийн зээл олголтын талаар иргэдэд тодорхой мэдээлэл, зөвлөгөө өгөх болно.
Өдөрлөгийн үеэр та бүхэн Мишээл барилгын их дэлгүүрт явагдах Цагаан сарын үзэсгэлэн худалдаанд оролцож, сар шинийн бэлтгэлээ нэг дор базаах боломжтой
-
2017 оны 2 сарын 05
Монголын залуучуудын холбооноос хүүхэд залууст эерэг, зөв бодолтой байхыг уриалах зорилгоор энэ сард “Бодол нэмье” аян зохион байгуулж буй.
Сүүлийн үед хүнийг гаднах байдлаас нь дүгнэхээс илүүтэй зөв бодолтой, эерэг хандлагатай хүн үү, бусдадаа хэрхэн зөвөөр нөлөөлж байна вэ гэдгийг нь анхаарч үзэх болсон. Тэгвэл зөв хүн болон төлөвших нь зөв бодлоос эхэлдэг аж. Зөв бодлоос зөв үйлдэл, зөв үйлддээс зөв үр дүн гарах нь тодорхой.
Тиймээс залуучуудыг зөв бодолтой, зөв үйлдэлтэй, эерэг хандлагатай байхыг уриалах шат дараалсан олон ажлыг Монголын залуучуудын холбооноос энэ сард хийхээр төлөвлөсөн байна.
-
2017 оны 2 сарын 04
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 5-нд нутгийн хойд хэсгээр, 6,7-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэрнэ.
Хоёрдугаар сарын 04-ний 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ.Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор,Завхан голын эх,Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 22-27 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг,Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна гэж УЦУОШГ-аас мэдээллээ.
УЛААНБААТАРХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 10-12 градус хүйтэн байна.
-
2017 оны 2 сарын 04
Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны үнийн судалгааг гаргажээ. Энэ сарын 1-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.7 хувиар өсчээ.
Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сараас 2.2 хувь, үхрийн ястай махны үнэ 2.9 хувь, үхрийн цул махны үнэ 1.5 хувиар өсч, адууны ястай махны үнэ 0.4 хувиар буурсан бол, ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.8 хувь, үхрийн ястай махны үнэ 1.1 хувиар өссөн бол, бусад махны үнэ өөрчлөлтгүй байв. 1 кг хонины /ястай/ мах дунджаар 5775 төгрөг, үхрийн /ястай/ мах 6975 төгрөг, үхрийн цул мах 8355 төгрөг, адууны /ястай/ мах 4625 төгрөг, ямааны /ястай/ мах 4300 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: Гурилын үнийг өмнөх сартай харьцуулахад задгай 1-р зэргийн гурилын үнэ 0.3 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад хүрэн манжингийн үнэ 7.4 хувь, луувангийн үнэ 2.1 хувиар өсч, төмсний үнэ 0.2 хувь, байцааны үнэ 10.7 хувиар буурсан бол, сонгины үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад байцааны үнэ 9.4 хувиар буурч, бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байв.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Сүүний үнийг өмнөх сартай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.9 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 8.8 хувь, задгай сүүний үнэ 1.5 хувиар өсчээ. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.9 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 3.4 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сартай болон өмнөх 7 хоногтой харьцуулахад 5.5 хувиар өсчээ. Ургамлын тосны үнэ өмнөх сартай болон өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сараас болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байв.
-
2017 оны 2 сарын 04
Жолооч нарт өгөх дөрвөн зөвлөгөө
-Өвел хүйтэнд машин халдаггүй учир нь тосол, антифриз дундарч сэлэлт муудаадсалон руухалуун үлээлт багасдаг. Хүйтэнд мотор халсан нь мэдэгдэхгүй байх нь нийтлэг - үзэгдэл байдаг.Таны машин ’ бүрэн гүйцэт халахгүй байгаа бол хамгийн түрүүнд тосолоо шалгаарай. Автомашины тосол антифризаа сард хоёр удаа шалгаж байх нь танд тустай.
-Өндөр өвстэй газраар шатахууны банк орчимд хуурай өвс хуримтлагдаж байгаад яндан халж уугиад шатдаг бас оч үсэрч түймэр дэгдээх аюултай. Иймд та бүхэн хөдеө явж байхдаа галын хортой явахаас гадна байнга зогсож банк орчимдоо хуримтлагдсан өвсийг авч байх хэрэггэй юм шүү.
-Таны машины дотор салоныг угДах явцад хэтэрхий уураар болон усаар норгох нь сөрөг нөлөетэйг санаарай. Сүүлийн үеийн автомашинууд электрон, цахилгаан эд анги маш ихтэй болсон. Чийг авсан эд анги нь тог дамжуулах ажиллагаа нь муудаж цаашлаад бусад тоног төхөөрөмжийг гэмтэхэд хүргэнэ.
-Автомашины шатахуун зарцуулалт евлийн улиралд нэмэгддэг. Тэгвэл шатахууны зарцуулалтыг бага ч атугай бууруулах хэд хэдэн арга бий. Моторын тос, агаар шүүгч зэргийг солих хугацаанд нь солих. Моторын тос нь муудсан харласан бол их л бензин иднэ.
Автомашинаа дулаан зогсоолд тавьж байх. Хэрвээ гадаа тавьдаг бол дулаан хучлага хэрэглэж байх машиныхаа янданд бөглеос хийж байгаарай. Гэхдээ оглоодөе яндангийн беглеөгөо авахаа бүү мартаарай.