УИХ-ын гишүүн Т.Аубакир, Х.Жангабыл, С.Зулпхар нарын урилгаар Япон Улсын “Heart Saving Project” төрийн бус байгууллагын хүүхдийн зүрх судасны нарийн мэргэжлийн эмч нарын баг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2025 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны өдөр хүртэл ажиллаж, үзлэг, оношлогоо, эмчилгээ хийлээ. “Зүрх хамгаалах” төслийн хүрээнд Япон Улсын болон Эх хүүхдийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн зүрх судасны нарийн мэргэжлийн эмч нар тус аймагт 0-18 насны хүүхдүүдэд төрөлхийн зүрхний гажиг илрүүлэх үзлэг, оношлогоог үнэ төлбөргүй үзүүлсэн юм.
Тэд энэ удаа зүрх судасны асуудалтай болон байнгын эмчилгээ, хяналт шаардлагатай 288 хүүхдэд үзлэг, эмчилгээг хийж, зөвлөгөө өгсөн нь алс хязгаар нутгийн иргэдийн талархлыг хүлээсэн үйлс болжээ. УИХ-ын гишүүдийн зүгээс хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд цаашид үргэлжлүүлэн ажиллахаа илэрхийлсэн байна.