
Монголын фото сэтгүүлч Сугаржавын Энхжаргал дэлхийн спортын сэтгүүл зүйн нэр хүндтэй шагнал болох AIPS Sport Media Awards 2025-ын Photography Portfolio (цуврал фото) төрөлд шилдэг 10 бүтээлийн нэгээр шалгарч, Ази тивдээ тэргүүлжээ.
Тэрбээр “Хүү төрвөл бөх болно” нэртэй цуврал бүтээлээрээ энэхүү амжилтыг үзүүлсэн бөгөөд уг зургуудаа 2025 оны долоодугаар сарын 9-нд Төв аймгийн Цээл сумын баяр наадмын үеэр буулгасан байна.
Удам дамжсан спортын фото сэтгүүлч С.Энхжаргал өмнө нь энэхүү уралдаанд хоёр, гурван удаа бүтээлээ илгээж байсан ч эхний шатнуудаас шалгарч чадаагүй аж. Харин энэ удаа “Хүү төрвөл бөх болно” бүтээлээрээ шилдэг 10-т багтаж, Ази тивдээ тэргүүлсэн нь түүний хувьд онцгой бөгөөд мартагдашгүй мөч болсон тухайгаа хувааллаа.
Тэрээр “Тус уралдаанд оролцуулсан бүтээл маань сумын наадамд барилдаж буй хүүхдүүдийн тухай энгийн зураглал байсан. Миний хувьд жирийн л бүтээл мэт санагдсан ч гадаадын үзэгчид, шүүгчдийн нүдээр харвал Монголын өв соёл, хүүхдийн бөхийн барилдаан нь тун өвөрмөц, сонирхолтой дүр төрх болж хүрсэн байх” хэмээн ярьсан юм.
AIPS Sport Media Awards нь дэлхийн спортын сэтгүүлчид, гэрэл зурагчдын шилдэг бүтээлийг шалгаруулдаг олон улсын нэр хүндтэй уралдаан бөгөөд жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган бүтээл хүлээн авдаг билээ.
























































