

Уг нь тэрээр хэрэг хийгээгүй бол шоронд биш УИХ, Засгийн газрын гишүүн болоод явж байх байлаа. Түүний хэргийг өмгөөлөгч С.Нарангэрэл нь удаа дараа зохиомол, улс төрийн шинжтэй гэж мэдээлж байгаа билээ. Тийм ч учраас Н.Энхбаяр сэтгэл санааны хувьд ихээхэн хүнд байгаа бололтой. Энэхүү сэтгэл санааны байдал, олон хоног өлсгөлөн зарласан зэргээс болон биеийн байдал нь ихэд мууджээ.
Хорих 461 дүгээр ангид хоригдоод удаагүй байгаа түүнийг 30 орчим минут ухаан алдсан гэж хэвлэлүүд мэдээлж байна. Бас ар гэрийнхэн нь ч гэсэн санаа зовж холбогдох байгууллагуудад хандлаа. Харин төрийн байгууллагууд албан ёсоор мэдээлэл өгөхгүй байгаа нь ихээхэн анхаарал татаж байна. Учир нь түүнийг шоронд хоригдож байгаа нөхцлийн талаар өмнө гэр бүлийнхэн нь мэдээлэл хийсний дараа төрийн байгууллагынхан өөр мэдээлэл хийж олон түмнийг будилуулж байсан юм.
Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр 30 орчим минут ухаан алдаад сэргэснийхээ дараа 461 дүгээр ангийнхаа хуягуудад “Намайг орой унтах гээд хэвтэж байхад нь таазнаас нь чимээ гараад байсан. Өндийх гэтэл толгой дээр нь хүнд зүйл унасан. Тэгээд ухаан алдсан. Ухаан ороход дух шалбарсан байсан” гэж ярьсан хэмээн зарим хүмүүс мэдээлж байна. Гэвч тус ангийн хуягууд төдийгүй удирдлагууд нь Ерөнхийлөгч байсан хүнийхээ ухаан алдсан болон биеийн байдлын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй бултацгааж эхэлжээ.
Хамгийн сонирхолтой нь Н.Энхбаярын толгой дээрээс үнэхээр том зүйл унаж ухаан алдуулсан эсэх талаар хажуу өрөөнд нь камер харж суугаа хамгаалагч нь мэдээлэл өгөөгүй байна. Удахгүй энэ асуудлаар 461 дүгээр ангийн удирдлага, хуяг, Н.Энхбаярын хамгаалагч нар албан ёсоор мэдээлэл өгөхийг олон нийт шаардаж эхэллээ.
Гэвч зарим эх сурвалж Н.Энхбаяр өмнө өлсгөлөн зарлаж, янз бүрийн шалтаг хайж байгаад хорихоос гарсан. Яг энэ аргаараа шоронгоос гарах гэж байгаа хэмээн тайлбарлах уншигчид ч байна.
Юутай ч гэсэн Н.Энхбаярыг хориод удаагүй байхад ухаан алдсан нь ихээхэн анхаарал татаж эхэллээ. Түүний ухаан алдалт, биеийн байдлын талаар албан ёсны үнэн зөв мэдээллийг олон түмэн хүлээж байна.
Д.Баатаржав. 24tsag.mn