

Хамгийн сүүлд л гэхэд өчигдөр баасан гаригийн оройн 11.20 минут хүртэл Засгийн газрын гишүүн, сайдуудыг томилов. Бүр сөрөг хүчин МАН-аа оролцуулалгүй шууд томилж орхив. Парламентын танхимд өмнөх Засгийн газрын гишүүдийг томилоход өрнөдөг шиг халуун маргаан гарсангүй. Амтгүй Засгийн газар яаран сандран бүрэлдэв. Заавал ч үгүй баасан гаригийн шөнө дөлөөр ингэж сайд нараа томилох ямар хэрэгцээ, шаардлага байдаг байна аа? Тэртэй тэргүй сайд нарын нэрс нь тодорхой болчихсон байхад л улайрч зүтгээд шөнө дөлөөр томилж байгаад ард түмэн таатай биш хандаж байна. Бодвол шинэ сайдууд бялуундаа л яарч байгаагийн илрэл биз дээ. Тэгээд ч энэ удаагийн Засгийн газрын гишүүд хамгийн бага ирцтэйгээр бараг л 100 хувийн дэмжлэгтэйгээр сайд болцгоов. Учир нь УИХ-ын чуулганы танхимд 40 орчим гишүүд л сууж санал хураалтад оролцов. Өмнө ч гэсэн иймэрхүү үзэгдэл байнга гарч ирсэн.
Зарим Засгийн газрын гишүүдийн тамгыг бүр шөнө дөлөөр очиж гардуулдаг. Тэгээд яамны ажилчид, төрийн албан хаагчид нь шинээр томилогдох сайдаа хүлээгээд нойргүй сууцгааж байдаг. Өчигдөр ч гэсэн сайдууд тамгаа хүлээн авна гээд бүх яамны ажилчид таралгүй хүлээсэн гэж эх сурвалж мэдээлэв. Харин шөнө дөлөөр тамгаа хүлээн авахаа больж, найраа хийцгээхээр шинэ сайдууд одсон сураг байна. Ийнхүү монгол төрийн хэргийг шөнө дөлөөр, ард түмнийг амарч байх хойгуур шийддэгийг болиулах эрх зүйн орчин хэрэгтэйг олон удаагийн үйл явдал харуулж байна. Н.Алтанхуягийн Засгийн газар ч яруу тодоор нотлов. Харин ийм үлгэр дууриал үзүүлсэн сүүлийн Засгийн газар байгаасай гэж бодно.
Түүнээс гадна дуулиантай хэргүүдийг ч гэсэн олны анхаарлаас гадуур шөнө дөлөөр, “баасан ах”-ын төрсөн өдрийн орой шийддэг жишигийг манай улс тогтоов. Н.Энхбаярыг анх оройн цагаар баривчлах гээд бөөн асуудал болсон. Ямар сайндаа айлын хаалга андуурч орж онигоо болох вэ дээ. Бас түүнд ял өгөхдөө ч гэсэн оройн цагаар асуудлыг шийдвэрлэсэн. Ер нь томоохон хэргүүдийг сунжруулж байгаад л оройн цагаар ачдаг гэж учир мэдэх хүмүүс тайлбарладаг. Тиймдээ ч хэрэгтнүүд “баасан ах”-ын төрсөн өдрийг хүлээдэг гэх. Тэгээд л тав дахь өдөр болохоор л “өнөө орой намайг ачих байх даа, миний хэргийг шийдвэрлэх байх” гэж ойр дотно байгаа хүмүүстээ хэлдэг хандлага бий болов.
Ийнхүү Монголын төр томилгоо хийх, баривчилгаа явуулах, ял өгөхдөө баасан гаригийн оройг сонгодог жишигтэй боллоо. Энэнээс салах хэрэгтэй байна. УИХ-ын гишүүд баасан гаригийн орой, ард түмний анхаарал сарнисан байхад, шөнө оройн цагаар томилгоо хийх, баривчилгаа явуулахыг хориглох тухай хууль санаачилах хэрэгтэй. Уг нь ажлын бус цагаар томилгоо хийх хориотой л доо. Гэвч үүнийгээ хэрэгжүүлж байгаа хүн алга. Сайд нар нь үүнийгээ зөрчөөд томилогдож байхад хэн дагаж мөрдөх вэ дээ. Бас орой үдшийн цагаар ард түмний амгалан тайван байдлыг алдагдуулах хориотой. Хэрэгжиж байгаа ч юм алга.
Уг нь Н.Алтанхуягийн ардчилсан гэх засгийг иймэрхүү зүйлийг засч залруулах байх гэтэл бүр дэвэргэв. Тэгээд сайдуудаа ажлын бус цагаар томилж, амралтын өдөр тамгыг нь гардуулав. Бямба гаригт. Том үйл хэргийг эхлүүлэхэд хорьдог бас цээрлэдэг гариг л даа. Н.Алтанхуягийн Засгийн газрын ажлаа авах гэж улайрч байгаа сайдуудад эцэг өвөгдийн энэ цээрлэл хамаагүй бололтой. Эсвэл огцрох хоног нь ойрхон байгаа учир нэг ч гэсэн өдөр сайд гэж дуудуулъя гэж яарцгаасан юм болов уу даа?
У.Уламбаяр 24tsag.mn