
Өвөр Монголын Ордос хотод болж байгаа “Дэлхийн мисс 2012” наадмын
эцсийн шалгаруулалт өнөөдөр болж дэлхийн хамгийн гоо бүсгүйг шалгаруулна

Өвөр Монголын Ордос хотод болж байгаа “Дэлхийн мисс 2012” наадмын эцсийн шалгаруулалт өнөөдөр болж дэлхийн хамгийн гоо бүсгүйг шалгаруулна. Нийт 118 орны миссүүд оролцож байгаа энэ тэмцээнд Монгол улсыг төлөөлөн Х.Баярмаа оролцож байна. Тэрбээр “Дэлхийн мисс 2012”-ын бүх урьдчилсан тэмцээний хагас финалд үлдсэн. Мисс бүсгүйчүүд яг одоо орой болох финалын шалгаруулалтад бэлдэж байна. Охидууд тайзан дээр хэн, ямар дарааллаар үзүүлбэр үзүүлэх, яаж алхах гээд орой 20 цагт эхлэх тоглолтонд бэлдэж байгаа юм.
Тэд өчигдөр орон нутгийн иргэдэд тоглолтоо үзүүлжээ. Охидууд өглөө 4 цагт босч нүүрээ будаж, хувцаслаад 5 цагаас зураг авалтад ордог аж. Мисс охидууд бүгд ядарч байгаа ч улсынхаа нэрийг гаргахын тулд тун ширүүн өрсөлдөж байгаа юм. Хөлнөөс нь цус гарсан ч өндөр өсгийт өмсөж, өлсөж байсан ч хоолоо сойж байгаа охид оройн тоглолтыг тэсэн ядан хүлээж байна. Монголын оролцогч Х.Баярмаа “Олон өдөр нойргүй хоноод ядар ч байгаа ч Монголынхоо нэрийг бодоод хүч орж байна” гэлээ. Өнөөдөр түүний “Жалам хар” бүжгээр үндэсний бүжгийн үзүүлбэрийг хаах юм.
Т.Гэрэл