
Сири дэх хямрал болон Кофи Аннаны санаачилсан энхтайвны төлөвлөгөөний хэрэгжилтийг ажиглаж шалгах даалгавартайгаар НҮБ-ын 300 ажиглагч дөрөвдүгээр сард Сирид ирсэн билээ. Даалгавар 90 хоногийн хугацаатай байсан ч үүнийг долдугаар сард дахин 30 хоногоор сунгасан юм. Гэхдээ байдал улам хурцдаж даалгавар биелүүлэгчдийн амь насанд аюултай болж байгаа учир цаашид даалгаврын хугацааг сунгалгүй, тэднийг эргүүлэн татахаар болсон байна.
Даалгаврын хугацаа энэ ням гаригийн шөнө дуусах юм. Гэхдээ 20-30 хүний бүрэлдэхүүнтэй иргэний холбоочдын баг цаашид ажиллана. Сириэс хүмүүсээ эргүүлэн татах нь тус бүс нутагт ноцтой сөрөг үр дагаврыг авчрах болно хэмээн Орос улс өмнө нь анхааруулж байсан юм.
НҮБ-ын тооцоогоор 2011 оны гуравдугаар сард эхэлсэн хямралаас хойш нийт 18 мянга гаруй хүн амь насаа алдсан байна.
Э.Индра